Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, хэвлэлд хандана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-27 15:55:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлэл хийх болжээ.

Тэрбээр 10.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, улмаар 12.00 цагаас Төрийн ордны Иргэний танхимд хэвлэл мэдээллийнхэнд хандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр төлөвлөжээ. Мөн өдөр дипломат цол гардуулах аж. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар маргааш Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх хуваарьтай байгаа юм. 

Дашрамд дурдахад энэ сарын 15-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хаалттай мэдээлэл хийсэн билээ.
Н.Туяа
Холбоотой мэдээ