Гватемал ЭСЯ-аа Иерусалим руу шилжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-25 11:05:21
МОСКВА. /ТАСС/. Израилийн Тель-Авив хот дахь  ЭСЯ-аа Иерусалим хот руу шилжүүлэхээр болсноо  Гватемал улсын Ерөнхийлөгч Жимми Моралес өчигдөр фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн тухай  ТАСС агентлаг мэдээлэв.

Ж.Моралесын мэдэгдэлд “Гватемалын ард иргэд ээ, өнөөдөр би Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай яриа хэлэлцээ хийлээ. Бидний авч хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь Тель-Авив хот дахь манай ЭСЯ-ыг Иерусалим руу шилжүүлэх тухай байв. Гватемалын ЭСЯ-ыг Иерусалим руу шилжүүлэхэд шаардлагатай ажлуудыг хийж эхлэхийг  ГХЯ-нд үүрэг болгосноо би та бүхэнд мэдэгдэж байна” гэжээ.

Энэ сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалимыг “Израилийн нийслэл” хэмээн хүлээн зөвшөөрч, АНУ-ын ЭСЯ-ыг Тель-Авив хотоос Иерусалим руу шилжүүлэх тухай шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор Иерусалимыг “Израилийн нийслэл” хэмээн хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцэх тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ сарын 21-нд баталсан билээ. Харин уг тогтоолыг батлахыг 128 орон дэмжсэн бол Гватемал, Гондурас, Израиль, Маршаллын арлууд, Микронез, Науру, Палау, АНУ болон Того гэсэн есөн улс эсэргүүцэж, 35 улс санал өгөхөөс түдгэлзсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иерусалимыг "Израилийн нийслэл" хэмээн хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор тус хотыг ирээдүйн төрт улсынхаа "нийслэл" гэж үздэг палестинчууд болон Израилийн цэргүүдийн хооронд дэгдсэн мөргөлдөөн үргэлжилсээр байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ