Гамшгийн эрсдлийг бууруулах хүрээнд илтгэлийн уралдаан явуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-12-23 16:00:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагаас Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуультай хамтран ХСИС-ийн Гамшиг судлалын магистрант болон онцгой байдлын сургуулийн сонсогч нарын дунд “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулах нь” сэдэвт уран илтгэлийн уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд залууст танин мэдүүлэх, сонсогчдын онолын мэдлэгийг бэхжүүлэн, илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор явуулсан тус уралдаанд оролцогчдын илтгэлийг тусгай шүүгчдийн баг шүүж, шилдэг илтгэлүүдийг тодруулсан байна. Илтгэлийн уралдааны нэгдүгээр байрт АШБС-ийн магистр, ахмад Б.Алтан-Очир шалгарсан бол хоёрдугаар байрыг ахлагчийн сургуулийн сонсогч И.Ууганжаргал эзэлж, эрхзүй нийгмийн ухааны сургуулийн суралцагч Ө.Сүрэнцэцэг гуравдугаар байрт, Онцгой байдлын сургуулийн сонсогч С.Еркенур тусгай байрт шалгарснаар өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулав.

Уралдааны шилдгийн шилдэг илтгэлээр “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага тохимол гаргаж, олон нийтэд хүргэх юм.

Б.Туул

Холбоотой мэдээ