Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдах тов хараахан гараагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-12-21 12:18:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс буюу энэ сарын 21-ний өдрөөс эхлэн хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалддаг болно гэсэн ч урт дараалал үүсгэхгүйгээр эм авах боломж хараахан бүрдээгүй байна. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийг сард ердөө хоёр удаа худалдаж байгаа нь хангалтгүй байгааг харгалзан цуцлах шийдвэр гаргасан байна. Даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр авах эрхтэй.

Эрүүл мэндийн даатгалаа төлсөн даатгуулагч уг жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм. Уг хөнгөлөлтийг ахмадууд болон бага насны хүүхэдтэй эхчүүд голлон эдэлж байгаа. 

ЭМЯ-наас хөнгөлөлттэй эм олгох шинэчилсэн зохион байгуулалтын талаар өнөөдөр мэдээлснээр хөнгөлттэй эмийг өдөр бүр олгох үйлчилгээг өнөөдрөөс мөрдөхгүй. Олон нийт өнөөдрөөс шууд эм авч болно гэсэн ойлголттой байсан. Уг мэдээллийг холбогдох хүмүүс ч өгч байсан. Харин уг үйлчилгээг шуурхай нэвтрүүлэхэд эрүүл мэндийн байгууллагууд анхаарч, холбогдох асуудлыг судалж байна. Хөнгөлөлттэй эм олгохдоо эмийн сангуудтай гэрээ байгуулдаг. Эмийн сангийн эмийн хангалтыг 90 хувьд хүргэх, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг ил тод байрлуулах зэрэг ажил үргэлжилж байгаа аж.

Тухайлбал, 300 гаруй эмийн санд шалгалт хийх явцад багагүй зөрчил илэрч байна. Энэ асуудлыг эхлээд шийднэ. Мөн эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтыг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлыг хангаж дууссанаар өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг сард хоёр удаа жор бичдэг байсныг өдөр бүр болгох, эмийн сангууд санхүүжилтийн хүрээнд өдөр бүр эм олгох боломжтой болох юм. 
Өнөөдрийн байдлаар өдөр харгалзахгүй хөнгөлттэй эм олгох үйлчилгээ хэзээ эхлэх нь тодорхой болоогүй байна.

Д.Өлзий
 
Холбоотой мэдээ