Шатрын ДАШТ-ий бэлгэ тэмдгийг их мастерууд шүүмжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-12-20 15:30:34
ЛОНДОН. /Телеграф/. Ирэх онд Их Британийн нийслэл Лондон хотод болох шатрын ДАШТ-ий бэлгэ тэмдгийг хүмүүс, тухайлбал шатрын их мастерууд ихээхэн шүүмжилж байна.

Учир нь хоёр хүн “Кама сутра”-гийн байрлалаар сууж байгаа юм шиг зургийг 2018 оны шатрын ДАШТ-ийг зохион байгуулагчид уг тэмцээний бэлгэ тэмдгээр сонгосон аж.

Дэлхийн шатрын холбоонд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг Их Британийн их мастер Найжел Шорт  ярихдаа “Ирэх оны ДАШТ-ийг зохион байгуулагчид шатрын ертөнцийг “сексийн талбар” болгох гээд байна уу? Хараал ид! Хүмүүсийн элэг доог болж гүйцэх нь ээ” гэжээ.

Тэгвэл унгар гаралтай Америкийн их мастер Сьюзен Полгар ярихдаа “ДАШТ-ий бэлгэ тэмдгээр ийм зураг сонгосонд гайхаж байна. Хүүхдүүдэд буруу үлгэр дууриал үзүүлэхээр зураг байна” гэжээ.

Мөн нэгэн шатрын хорхойтон ярихдаа “ДАШТ-ий бэлгэ тэмдгийг харахаар Жереми Айронсын “Damage” кино шууд санаанд орж байна” гэжээ. Энэ кинонд бэлгийн амьдралын тухай өгүүлдэг аж.

Харин Дэлхийн шатрын холбооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Бид уран бүтээлчидтэй нэг жил гаруйн хугацаанд хамтран ажилласны эцэст энэ зургийг бэлгэ тэмдгээр сонгосон” гэсэн байна.

Шатрын ДАШТ нь ирэх оны 11 дүгээр сард Лондон хотод болох юм.

ДАШТ-ий энэ лого нь нэг талаараа хүмүүсийн дургүйцлийг хүргэж байгаа хэдий ч нөгөө талаараа үзэгчдийг татахад нөлөөлж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ