Малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг 2019 онд багтаан явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-14 15:22:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос боловсруулсан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр баталлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэл шилжилтийн үеийн харилцааг зохицуулах зорилготой тус төсөлд малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх бэлтгэл ажлыг хангаж, үнэлгээг 2019 онд багтаан явуулах, дүнг УИХ-д танилцуулах, хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах, хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг заасан хугацаанд баталж, хууль таниулах ажлыг зохион байгуулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх зэрэг асуудлыг уг тогтоолд тусгажээ.

Ингээд “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, баталлаа. Үүгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарласан юм.

Н.Туяа
Холбоотой мэдээ