Урлах ухааныг сэргээн хөгжүүлэхэд зориулсан 5 дахь цуврал ном хэвлэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-12-12 14:03:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй зулын 25-ны Дүйчин энэ өдөр УГЗ, Бурханч лам Г.Пүрэвбатын 30 гаруй жилийн нөр их хөдөлмөр шингэсэн Урлахуйн ухааны 5 дахь цуврал ном хэвлэгдэн гарлаа.
Түүний “Урлах ухааны онолын цуврал ном”-ын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор дахь Монгол төрийн түүхийн музейд болов.
УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн соёл, шашны зөвлөх Ц.Хулан, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойцамц болон шавь нар нь оролцож, номын нээлтэд зориулсан үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Урлах ухааны онолын 33 цуврал ном хийхээр төлөвлөөд буйгаа бурханч лам Г.Пүрэвбат нээлтийн үеэр танилцуулав. Цуврал номыг монгол түмний уламжлалт бурхны шашин XX зууны эхээр тасран мөхсөнөөс хойш эдүгээ дахин сэргэж буй энэ үед их таван ухааны нэг болох урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага болгон гаргаж байгаа гэдгийг онцолсон юм.
Өмнө нь түүний эрхлэн гаргасан “Их Монголын бурхны шашны урлахуйн ухааны үндсэн мэдэгдэхүүн” хоёр боть номыг судалснаар Бурханы шашин дахь бурхадыг үзэж харсны даруй гадаад дүр төрх, өмсгөл хувцас, чимэг зүүсгэл, мутрын барьц, мутарлага, суудал хөдөлгөн, заларсан дэвсгэр ширээ, хөлөглөсөн уналга хөлөг болоод шашны зан үйл дэх тахилын өргөл зүйл, хөгжмийн зэмсэг тэргүүтэн бүхий эдлэл хэрэглэлүүдийн гарал үүсэл, хэрэглээ, хэмжээ, хэлбэр хийц, бэлгэдэл зэргийг танин мэдэх боломжтой юм.
Энэхүү номд орсон монголчуудын урлах ухааны 36 төрөл зүйл бүхий судалгааны зургуудын эхийг бэлтгэхэд Монголын бруханы шашны урлахуй ухааны дээд сургуульд суралцдаг шавь нар нь голлон оролцжээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хэлэхдээ, “Монголчуудын уламжлалт бурхан шашны Таван их ухааны нэг Урлахуй ухааныг сэргээн хөгжүүлэхэд гарын авлага болгох зорилгоор цуврал ном бүтээж буй нь өвөг дээдсийн маань үеийн үед нандигнан хадгалж хүндэлж дээдэлсээр ирсэн ариун өв соёлыг тасралтгүй залгамжлан авч явах залуу хойч үед үнэлж баршгүй ач тусаа хайрлах нь дамжиггүй. Монголынхоо урлаг соёлыг дэлхийн сансрын орон зайд гайхуулан бишрүүлж чадсан сод билэгт Өндөр гэгээн Занабазарын үйлс хэргийн үргэлжлэл бардам нотолгоо болж монгол хүн, Монгол Улсаас өөр хэн ч хаана ч бүтээж чадахгүй бурханы ур ухааны чуулганыг эмхэтгэн баталсан танд хүндэтгэн мэхийе. Сайн алтны шижрийг хайлж үзвэл мэдэх Сайн оюунтны үйлсийг ном бүтээлээр нь мэдэх хэмээн өгүүлсэн байдаг. Аж амьдралын эгэл саарал өдрүүдийг гэрэлтүүлсэн шүтэн урлаач их талын хөвгүүн таны бүтээлд Монгол Улсын соёл урлагийн түүх ард түмний сэтгэлгээний гоо сайханд хамгийн гүн тод ариун тусгалаа олж, бурхан шашныг гийгүүлэн сацарсаар байхыг харж байна” гэв.
Номын ёсолгоонд зориулсан энэхүү үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ