ОХУ-ын иргэн В.А.Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В.Пономаревыг Найрамдал медалиар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-12 10:14:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В. Пономаревыг Найрамдал медалиар тус тус шагнав.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр Төрийн ордонд гардуулан өгөв.

ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В. Пономаревыг Найрамдал медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт, “Монгол улс, Оросын Холбооны Улсын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх, Монгол Улсад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын иргэн, Уралын холбооны их сургуулийн захирал  Кокшаров Виктор Анатольевичийг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор, Уралын холбооны их сургуулийн доктор Пономарев Александр Владимировичийг Монгол Улсын төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагнасугай” гэжээ.

ОХУ-ын Уралын холбооны их сургуулийн захирал  Виктор Анатольевич Кокшаров нь Монгол Улс, ОХУ-ын харилцаанд онцгой анхаарал тавин ажилладаг бөгөөд захирлаар ажиллах хугацаандаа тус сургуулиас Монгол Улстай харилцах харилцаанд чанарын өөрчлөлт гарсан байна. Мөн Монголоос төгсөгчидтэй харилцаа холбоо байнга тогтоож Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчдийг ахлан Монголд хоёр удаа ирж байв.

Уралын холбооны их сургууль /хуучин нэрээр Уралын Политехникийн дээд сургууль/ нь 1960-аад оноос эхлэн Монгол Улсад 1200 гаруй инженер бэлтгэж өгчээ.

Уралын холбооны их сургуулийн 1200 гаруй төгсөгчөөс Монгол Улсын үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүд болох З.Энхболд, Б.Жигжид, Ц.Цэнгэл, Г.Мөнхбаяр, Б.Чойжилсүрэн, Ч.Пүрэвдорж, академич Д.Дашжамц, С.Батмөнх, Д.Содномдорж нарын зэрэг олон эрдэмтэн, доктор, төр, нийгмийн зүтгэлтэн төрөн гарчээ.

Тус сургууль нь Монгол Улсын БСШУСЯ, МУИС, ШУТИС, “Эрдэнэт” ХК зэрэг газартай хамтын ажиллагааны 12 гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь ихээхэн анхааран ажиллаж байгаа юм.

Уралын холбооны их сургуулийн доктор Александр Владимирович Пономаревын санаачилгаар Монголд Уралын холбооны их сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдаж үр дүнтэй ажиллаж байна.

Энэ холбоо нь гадаад улсад байгуулагдсан хоёр дахь холбоо болжээ. Энэ холбоонд тус сургуулийг төгссөн олон арван нэр хүндтэй хүмүүс ажиллаж байна. Тус холбоо нь Уралын холбооны их сургуулиас Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцан ашигтай хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг боловсруулан ажиллахад тусалдаг бөгөөд  2015 онд Уралын холбооны их сургууль, ШУТИС хамтран олон улсын оюутны отряд байгуулж Екатеринбург, Улаанбаатар хотын  барилгын байгууллагуудад ажиллуулжээ.

Эдгээр ажил нь хоёр орны хооронд дипломат харилцаа хөгжүүлэх шинэ хэлбэр болж байгаа юм.

Александр Владимирович Пономаревын санаачилгаар бакалавр, магистрын зэрэг хамгаалах боловсролын хамтарсан 5 хөтөлбөр боловсруулан ажиллаж, Монгол Улсын үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх болон Монголын боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн 2015 онд түүнд Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан цол хүртээж байсан юм.


Холбоотой мэдээ