Энэ онд насанд хүрээгүй 54 охин хүүхэд төрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-08 18:13:16
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй охид жирэмслэн үр хөндүүлэх, бага насандаа төрөх асуудал ихсэж байна. БОЭТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасгаас авсан мэдээллээр 2016 онд насанд хүрээгүй 12 охин үр хөндүүлж, 72 охин төрсөн бол энэ онд 11 охин үр хөндүүлж, 54 охин хүүхдээ төрүүлжээ.
Охидын ихэнх нь малчин айлын хүүхдүүд ба аймгийн төвд айлд суудаг эсвэл дүү нараа харж өрх толгойлон амьдардаг бөгөөд хараа хяналтгүй байдлаас ийм эрсдэлд өртсөн байна. Мөн 2017 онд ахуйн ослоор бага насны 8 хүүхэд амь нас эрсэджээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах талаар ямар ажил хийгдэж байгааг аймгийн ГБХЗХГ-ын сэтгэл зүйч Н.Сэрчмаагаас тодруулахад “Гэр бүлийн болон бусад орчинд гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх анхан шатны нэгж болох Хамтарсан баг ажилладаг. Одоогоор 19 сум 11 багт 238 гишүүнтэй 34 Хамтарсан баг ажиллаж байна. Саяхан Хамтарсан багийн гишүүд, сумдын Засаг дарга, нийгмийн ажилтнууд хамтран сургалт зохион байгуулж, хүчирхийллээс хүүхдийг урьдчилан талаар юу хийхийг хэлэлцсэн. Ерөнхийдөө сургалт сурталчилгааны ажлыг түлхүү хийж, гэмт хэрэг, зөрчлийн золиос болж байгаа хүүхдүүдийг илрүүлэхэд онцгой анхаарч ажиллана” гэв. Мөн ЕБС-д эрүүл мэндийн хичээл ордоггүй учраас БОЭТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасагтай хамтран өсвөр насны охидуудад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахаар төсөл боловсруулж байгаа гэлээ.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд энэ оны байдлаар Өвөрхангай аймагтай холбоотой 37 дуудлага ирсний дагуу ажиллаж 9 дуудлагын асуудлыг шийдвэрлэжээ. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах түр байранд 2015 оноос хойш 36 эмэгтэй, 46 хүүхэд байрласан бол 2017 онд 10 эмэгтэй, 15 хүүхэд байрлаж, сэтгэл зүй болон халамжийн үйлчилгээ авсан байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ