Завхан аймаг "Таван сайн" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-12-07 12:33:35
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ хэлэлцэн баталлаа. Үндсэн чиглэлийг боловсруулахдаа аймгийн Засаг даргын “Ард иргэдээ сонсъё “ тайлангийн үеэр иргэдээс гарсан 3000 гаруй, үндсэн чиглэлд тусгуулахаар байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 350 гаруй саналуудыг эрэмбэлж, хамгийн олон давхардсан, хөгжлийн бодлоготой уялдсан асуудлуудыг тусгажээ.  
2018 оны үндсэн чиглэлд нийт дөрвөн бүлгийн хүрээнд 212 ажил арга хэмжээ тусгагдаж, улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, замын сан, орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, байгууллагын өөрийн хөрөнгөөр нийт 31618,5 сая / гучин нэгэн тэрбум зургаан зуун арван найм аравны таван сая / төгрөгийг зарцуулахаар төсөвлөлөө. Үндсэн чиглэлийн хүрээнд 24 сумын тохижилт соёлжилтыг дээшлүүлэх, хоггүй орчинг бүрдүүлэх зорилго бүхий “Миний гоё сум” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сумдын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, сум бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, 24 сумын хүүхдийн цэцэрлэгүүдийг камержуулах ажлыг хийхээр болжээ. Мөн сумдын иргэний танхимд иргэн хүн очиж үйлчлүүлдэг болох нөхцлийг бүрдүүлэх, төрийн 200 байгууллагад И-оффис программыг нэвтрүүлэх, залуу малчдын өмнө тулгамдсан асуудлын нэг болоод байгаа зургаан настнуудын сурч хүмүүжих орчин нөхцлийг гэрийн нөхцөлд ойртуулах зорилгоор “Гэр өргөө”–г сум бүрийн сургуулийн дотуур байранд байгуулах зэрэг ажлуудыг тусгаж нийт 259 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ. Түүнчлэн энэ жилийн үндсэн чиглэлд нэр нь дурьдагдаагүй, тусгайлан хөрөнгө төсөвлөгдөн, ажил тусгагдаагүй нэг ч сум байхгүй байгаагаараа онцлог байв.
Бүтээн байгуулалт, дэд бүтцэд таван тэрбум гаруй төгрөгийн төсөв баталлаа
Завхан аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд иргэдээс ирүүлсэн саналуудын дотроос хамгийн их хувийг эзэлж байгаа өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих, түүхий эдийн үнэ ханшийг өсгөх асуудлыг шийдвэрлэх зорилгоор эсгий, эсгий эдлэлийн болон нэхий элдэх үйлдвэрүүдийг шинээр оруулж ирэхийг дэмжиж 115 сая төгрөгийг төсөвлөсөн байна.  
Мөн аймгийн төв Улиастай сумын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудалд онцгойлон анхаарч, Улиастай хотод дугуйн зам байгуулах, гүдэн цогцолборыг тохижуулах, гэр хороололд гэрэлтүүлэг хийх, хотыг камержуулах зэрэг бүтээн байгуулалт, тохижилт соёлжилт, дэд бүтцэд нийтдээ таван тэр бум 594,6 сая төгрөгийг төсөвлөн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төрийн үйлчилгээг сайжруулж иргэдийн хуулийн боловсролыг нэмэгдүүлнэ
Мөн үндсэн чиглэлд “Сахилга хариуцлагыг дээшлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оныг “Сахилга хариуцлагыг сайжруулах“ жил болгон зарлажээ.
Энэ хүрээнд Төрийн албаны удирдах албан тушаалтнуудын болон, төрийн албан хаагчдын бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулах, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэх “Төрийн үйлчилгээг багт” арга хэмжээ, иргэдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий “Таны туслагч” гарын авлагыг өрх бүрт хүргэж байсан өмнөх сайн туршлагыг үргэлжлүүлэн хийхээр тусгаад байна.  
Таван сайн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
2018 онд Завхан аймагт шинээр сумын ЗДТГ-ын барилга хоёр, сургуулийн барилга дөрөв, цэцэрлэгийн барилга дөрөв, соёлын төвийн барилга гурав, Цагдаагийн хэлтсийн барилга нэг, эрүүл мэндийн төвийн барилга нэг баригдахаас гадна зам, гүүрийн ажлууд, өмнө нь эхэлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлэн хийгдэхээр болжээ. 
Сумдын Засаг дарга нар болон багийн дарга нар, багийн эмчийг унаажуулах, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ажилд дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоог хангах, гэмт хэрэг зөрчлийг бууруулах, мал сүргийг эрүүлжүүлж, үүлдэр угсааг сайжруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ногооны зоорь, хүлэмж барихыг дэмжих, урлаг, соёл, спортын өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулах, аялал жуулчлалыг өргөжүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг тусган хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн 2017 онд боловсруулан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр батлуулсан таван сайн хөтөлбөр буюу “Сайн эмч”, “Сайн багш, “Сайн оюутан”, “Сайн бизнесмэн”, “Сайн малчин” хөтөлбөрүүдийн эрчимтэй хэрэгжилтийн жилийг 2018 он байхаар төлөвлөж тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн ахмад, залуучууд, эмэгтэйчүүд, малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд- гэр бүл , төрийн бус байгууллагууд руу чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг төлөвлөн, холбогдох хөрөнгийг тус тус төсөвлөн баталжээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ