Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-12-06 12:07:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 04-ний байдлаар амбулаторийн 89588 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчний 3872 тохиолдол оношлогджээ.
Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.1 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеийн дундажтай харьцуулахад 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Нийт өвчлөгсдийн 36.5 хувийг 0-2 нас, 30.3 хувийг 2-4 насны хүүхэд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1376 дуудлага ирснээс 36.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Сүхбаатар дүүрэгт 5.4 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 5.1 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 05-ны байдлаар насанд хүрэгчдийн орны 6.7 хувийг буюу 81 орыг хүүхдэд шилжүүлсэн байна. Нөөц өрөөнүүдэд 100 ор тавьснаар орны зохицуулалт хийсэн бөгөөд нийт 181 ороор нэмэгджээ.
Ж.Болор
Холбоотой мэдээ