УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг 10 асуудалд чиглэн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-06 10:15:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэнд хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн энэ удаагийн парламентад сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тэд УИХ-д албан бус “Эмэгтэй гишүүдийн бүлэг” байгуулаад байгаа. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр УИХ дахь эмэгтэй гишүүдийг хүлээн авч уулзаж, санал солилцжээ. 

Тус бүлгийн дарга Д.Оюунхорол УИХ-ын даргатай уулзах үеэрээ “Эмэгтэй парламентчид улс төрийн намын харьяалал, үзэл бодлын ялгаа харгалзахгүйгээр хүсэл зорилгоо нэгтгэж, эх хүний сэтгэлээр нийгмийн тулгамдсан, эмзэг асуудлуудад анхаарал хандуулах эрмэлзлээр албан бус бүлэг байгуулсан” гэж танилцууллаа.
Тус бүлгийн үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгож байгаа асуудлууд нь:
1.    Хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх;
2.    Цэцэрлэг, сургууль, амаржих газрын хүрэлцээг нэмэгдүүлэх;
3.    Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтан, ажиллагсдын нийгмийн асуудлыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх
4.    НҮБ-ын “Цэвэр агаар-амьдралын үндэс” аяныг дэмжиж, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;   
5.    “Бохирдолгүй эх дэлхийн төлөө” НҮБ-ын аяны хүрээнд БОАЖЯ-тай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;
6.    Өрх толгойлсон эмэгтэйчүүдийг нэн тэргүүнд ажлын байраар хангах эрх зүйн орчин бүрдүүлэх;
7.    Өрхийн эмнэлгийн хүрэлцээг сайжруулж, хэвтэн эмчлүүлэх нөхцөлийг хангах;
8.    Эмэгтэйчүүдэд зориулсан ажлын байрыг нэмэгдүүлэх, энэ зорилгоор барьцаа хөрөнгөгүй зээл олгох боломжийг бүрдүүлэх;  
9.    Төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилан ахмадын асрамж, халамж үйлчилгээг нэмэгдүүлэх;
10. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог цаашид нэмэгдүүлж, эмэгтэй парламентчдын олон улсын болон бүс нутгийн байгууллагууд дахь үйл ажиллагааг идэвхжүүлэх гэсэн 10 асуудалд чиглэж байгаа юм байна.

Энэ үеэр “Эмэгтэй гишүүдийн бүлэг”-ийн дэд дарга З.Нарантуяа Олон улсын парламентын холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын салбар байгууллагууд зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд Монголын эмэгтэй парламентчид оролцох боломж, гүйцэтгэх үүргийн талаарх зорилт, саналаа илэрхийллээ.

УИХ-ын дарга М.Энхболд тэдэнд талархал илэрхийлээд, “Миний бие Намын даргаар ажиллаж байх хугацаандаа Намынхаа дүрэмд эмэгтэйчүүдийн квотыг эхлээд 25, сая 30 хувь хүргэх бодлогыг хэрэгжүүлж ажилласан. Ийнхүү хуульчилж өгч байгаа нь сайн хэрэг. Гол нь үр дүн чухал” хэмээн онцлов.

Тэрбээр тус бүлгийн гишүүд дээр дурдсан 10 асуудлаас гадна хуулийн хэрэгжилт, тухайлбал ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, ахмадуудад хуулиар тогтоосон тусламж дэмжлэг нь ямар нэг саадгүйгээр хүрч байна уу, төрийн захиргааны шат шатны байгууллагууд зорилтот бүлгээ зөв тодрхойлж чадаж байна уу гэх мэтэд анхаарлаа хандуулбал сайн байна. Түүнчлэн зөвхөн өөрийн сонгогдсон тойрог гэлгүй, нийт улсын хэмжээнд аймаг, орон нутгаа бүсчилж үйл ажиллагаа өрнүүлэх, энэ ажилд эрэгтэй гишүүдтэйгээ хамтрах, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан эмэгтэй гишүүдтэй уулзаж, ярилцах зэрэг саналыг дэвшүүлснийг бүлгийн гишүүд талархан хүлээж авлаа. Мөн олон улсын байгууллага дахь оролцоогоо идэвхжүүлэх болон бүлгийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг хангах чиглэлээр УИХ-ын удирдлагын хувьд анхаарч, тусалж дэмжих болно гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд парламент дахь албан бус “Эмэгтэй гишүүдийн бүлэг”-ийн гишүүд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хүрээнд хариуцсан ажлаа илүү үр дүнтэй, сайн гүйцэтгэж, манлайлж ажиллаарай, та бүхний үйл ажиллагаанаас эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо цаашид нэмэгдэх, эсэх нь ихээхэн хамаарна шүү хэмээн захилааУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчиллын төлөөх намууд нэгдсэний ой өнөөдөр тохиож байгаа. Түүнчлэн  энэ сарын 10-ны өдөр “Хүний эрхийн өдөр” буюу “Ардчиллын баяр” тохиох гэж буйтай холбогдуулан АН-ын зүгээс анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөнийг өнөөдөр эхлүүлээд байна.

Энэ сарын 9 хүртэл Улаанбаатар хотод зохион байгуулах зөвлөгөөнд 330 сум, нийслэлийн 152 хорооны АН-ын удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 хүн оролцох юм. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ улс төрийн илтгэл тавихын зэрэгцээ УИХ дахь АН-ын бүлгийн мэдээллийг сонсч, намын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлийн талаар сургалт семинар, илтгэл орох аж.

Тус намын зүгээс шинэчлэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, намын бүх шатны байгууллагын уялдааг хангаж ажиллахад энэхүү зөвлөгөөн чухал түлхэц болно хэмээн үзжээ. Мөн намын анхан дунд шатны гишүүдийг чадавхижуулах 2018-2020 хөтөлбөрийн нээлт энэхүү Удирдах ажилтны зөвлөгөөн болж байгаа юм байна.
 
Н.Туяа
Холбоотой мэдээ