Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөж байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-02 01:31:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн албан байгууллагуудад тэргэнцэртэй хүмүүс саадгүй нэвтрэх боломжгүй байгаа нь хүний эрх зөрчигдөх шалтгаан болж байна хэмээн хөгжлийн бэрхшээлтэй иргэд үзэж байна.

Жишээлбэл, эдгээр хүмүүсийн хамгийн их харьцдаг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар л гэхэд барилгын хоёрдугаар давхарт байрладаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэвтрэх зориулалтын налуу шатгүй тул биечлэн очиж аливаа үйлчилгээ авахад хүндрэл учирдаг аж.  

Өлгий сумын 13 дугаар багийн иргэн О одоогоос 20 орчим жилийн өмнө оюутан байхдаа нугасандаа гэмтэл авч тэргэнцэрт суужээ. Тэрээр энэ жил 41 настай бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар: "Юуны түрүүнд тохирсон ажил байхгүй нь надад болон миний гэр бүлд маш хүндээр тусч байна. Төр засаг энэ чиглэлээр ерөөсөө арга хэмжээ авахгүй байна. Хоёрдугаарт, аймгийн төвийн гудамжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан зам, гарц үгүй. Халамжийн байгууллага, эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээний байгууллагуудад шат, ариун цэврийн өрөө байдаггүй. Нийтийн тээврийн хэрэгслүүдэд суух боломжгүй. Бид энэ улсын иргэний хувьд зарим талаар зохих эрхээ эдэлж, үйлчилгээ авч чадахгүй байна" хэмээлээ.

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс өгсөн мэдээллээр Баян-Өлгийд дотор эрхтний согогтой 1255, тулах, хөдлөх эрхтний согогтой 505, харааны бэрхшээлтэй 100, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 118 гээд нийтдээ 2552 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Энэ нь тус аймгийн Алтанцөгц, Буянт сумдын хүн амын тоотой дүйцэхүйц үзүүлэлт юм.
Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуульд иргэн, хуулийн этгээдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд "нийтийн тээврээр зорчих, дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжид саадгүй хүрэх, нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлээгүй байх" нь ялгаварлан гадуурхалт хэмээн тодорхойлсон байдаг. Иймд аймгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын зүгээс дээрх асуудлуудыг анхааралдаа авч, бодит арга хэмжээ авах цаг аль хэдийнээ болсныг иргэд сануулж байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ