Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр хангах болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-01 15:43:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж Засгийн газраас 4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх шийдвэр гарлаа.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр нийслэлийн хамгийн их утаатай бүс болох Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг дөрвөн бүсэд ажилласантай холбогдуулж өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулсан юм. Улмаар тус хуралдаанаас нийслэлийн сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн талаар БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат мэдээлэв. 
Засгийн газрын хуралдаанаар агаар шүүгч худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, хяналт тавьж ажиллахыг БОАЖ-ын сайдад даалгасан байна. Мөн дараагийн хуралдаанд агаар шүүгчээр хангах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар асуудал оруулах, энэ сарын 15 гэхэд ажил эхэлсэн байх учиртай гэдгийг Ерөнхий сайд анхааруулжээ.
Түүнчлэн иргэд өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, амны хаалт /маск/ зүүж хэвших, маск зүүх аяныг өрнүүлж, зохион байгуулах  нь зүйттэй гэж Ерөнхий сайд үзсэн байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ