АНУ-ын муж улсууд нэмж дүрвэгсэд хүлээн авахгүй гэв

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-11-17 09:34:38

ВАШИНГТОН. /ВВС/. Францын нийслэл Парис хотод халдлага болсонтой холбогдуулан улс орнуудад аюулгүй байдлын асуудал ихээхэн түгшүүртэй байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын 10 гаруй муж улс Сирийн дүрвэгсдийг нэмж хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ.

Дүрвэгсдийн мэдээллийг шалгаж дуусах хүртэл түр хугацаагаар нэмж дүрвэгч хүлээн авахгүй гэж Мичиган муж улсын захирагч Рик Снайдер мэдэгдэв.

Алабама, Техас болон бусад хэд хэдэн муж улс дээрхтэй адил мэдэгдэл хийсэн боловч энэ ажиллагаа хууль ёсны эсэх нь тодорхойгүй байна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Иргэний дайнаас дүрвэсэн иргэдэд тусламж үзүүлэх арга хэмжээнд АНУ оролцох хэрэгтэй гэж тус улсын Ерөнхийлөгч Барак Обама уриалсан байна.

Тэдний өмнөөс хаалгаа савах нь бид үнэ зүйлсээ умартаж байгаагийн илрэл юм гэж тэрбээр мэдэгджээ. Мөн тэрбээр, аюулгүй орчныг эрэлхийлж, өөрийгөө хамгаалах гэсэн дүрвэгсдийг АНУ хүлээн авч чадах бөгөөд ингэх ч ёстой гэж мэдэгдсэн байна.

Баасан гарагийн орой 129 хүний аминд хүрсэн халдлага Парис хотод болсонтой холбогдуулан АНУ-ын муж улсуудын захирагчид ийм шийдвэр гаргажээ.

Халдлагын үеэр долоон этгээдийг устгасан бөгөөд тэдний нэг нь дүрвэгсдийн хамт Грекээр дамжин Европт нэвтэрсэн сири байсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ