ОАНА-гийн дараагийн хурал Бахрейнд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-11-17 09:24:31

СӨҮЛ. /TASS/. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагын /ОАНА/ дараагийн 40 дэх хуралдааныг Бахрейнд зохион байгуулна. Холбогдох шийдвэрийг ТАСС агентлагийн даргалан явуулж буй Сөүлийн хуралдааны үеэр санал нэгтэйгээр баталжээ.

ОАНА-гийн гүйцэтгэх хорооны гишүүд мөн Франц болон бусад оронд саяхан үйлдсэн халдлагуудын талаар хэлэлцсэн байна. Үүнтэй холбогдох заалтыг уулзалтын төгсгөлд батлах тунхагт оруулахыг ОАНА-гийн ерөнхийлөгч, ТАСС агентлагийн ерөнхий захирал Сергей Михайлов санал болгожээ.

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагыг 1961 онд ЮНЕСКО-гийн санаачилгаар байгуулжээ. Уг байгууллагын гол зорилго нь дэлхийд болж буй үйл явдлыг үнэн бодитоор мэдээлэх үйл явцыг идэвхтэй урагшлуулах болон олон ургалч үзлийг хамгаалах юм. 35 орны  44 агентлагийг өөртөө нэгтгэдэг тус байгууллага нь дэлхийн хамгийн том мэдээллийн байгууллага юм. ОАНА-гийн гишүүн орнуудад дэлхийн мэдээллийн урсгалын гуравны хоёр нь ногддог.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ