Эрчим хүч, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг урагшлуулсан айлчлал

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2015-11-16 17:21:36

Арваннэгдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад төрийн айлчлал хийлээ.

Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хийсэн анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлогтой.

Мөн хоёр улсын өндөр дээд түвшний яриа хэлцээний үргэлжлэл төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч таван жилийн дараагаар тус улсад хийсэн төрийн айлчлал байлаа.

Айлчлалын эхний өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргий Х.Болормаагийн хамт БНХАУ-ын дарга Си Зиньпиний санал болгосны дагуу Шаньси мужийн  Сиань хотын түүх соёл, хөгжил цэцэглэлтэй танилцаж, тус  мужийн даргатай уулзав.

Айлчлалын хоёр дахь өдөр буюу 10-ны өдөр БНХАУ-ын дарга Си Зиньпин, гэргий Пэн Ли Юаний хамтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нарыг албан ёсоор угтах ёслол Ардын Их Хурлын ордонд болсон юм.

Угтах ёслолын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр хоёр тал эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн парк байгуулах, тэргүүний технологийг ашиглан байгаль экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-д экспортлох асуудлаар санал солилцлоо.

Хэлэлцээны дараа хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол боллоо. 

Гарын үсэг зурах ёслолд “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт, Импортын банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээр”, “Шивээ-Овоо төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпораци хоорондын гэрээ”, “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол Улс БНХАУ-д экспортлох, мөн импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн Ерөнхий газар хоорондын санамж бичиг” зэрэг нийт 11 баримт бичигт хоёр талын холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурсан юм.

БНХАУ-тай байгуулсан Шивээ-Овоо төслийн ТЭЗҮ болон Эгийн голын төсөл, хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааны талаар Эрчим хүчний сайд Д.Зоригтоос тодруулсан юм. Тэрбээр “Энэ удаагийн айлчлалын хүрээнд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн өндөр хүчин чадалтай цахилгаан станц, хил дамнасан цахилгаан дамжуулах шугам, уурхайн томоохон цогцолбор барьж байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнийг зургаан сарын хугацаанд боловсруулна. Хэрвээ эдийн засгийн хувьд үр ашигтай гэдэг нь тогтоогдвол цаашдын хамтын ажиллагааны хэлбэр буюу гэрээ хэлцэлд шилжих юм.

Мөн хэлэлцээний явцад БНХАУ-аас манай улсад олгож буй нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий гэрээг байгуулж гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар Эгийн голын УЦС-ын ажил урагшлах үндэс болно. Тус цахилгаан станцын ТЭЗҮ болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийж дууссан. Станц барих ажил ирэх жилээс эхэлж, 2022 онд ашиглалтад орно гэж тооцож байгаа. Энэхүү төсөл хэрэгжсэнээр манай улсын эрчим хүчний салбар өргөжиж, сэргээгдэх эрчим хүчний салбарын том эх үүсвэр бий болохоос гадна байгаль орчинд ээлтэй том усан сан байгуулах үр ашигтай ажил болно. Манай улс жилд 30-40 сая ам.долларын эрчим хүчийг ОХУ-аас импортолдог. Эгийн голын УЦС-ын төсөл амжилттай хэрэгжсэнээр гаднаас эрчим хүч импортлох асуудалд цэг тавих юм” гэлээ.

Айлчлалын үеэр эрчим хүчнээс гадна хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд гол түлхэц үзүүлэх “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол Улсаас Хятадад экспортлох, мөн импортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай санамж бичиг” -т холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурсан юм. Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдоос тодрууллаа.

Тэрбээр ярихдаа “Хятад улстай мах, махан бүтээгдхүүн экспортлох гэрээнд 2011 онд өөрчлөлт оруулсан боловч, бодит ажил хэрэг зогсонги байдалтай байсан. Харин энэ удаагийн хэлэлцээгээр дулааны аргаар боловсруулсан мах экспортлох гэрчилгээний нөхцлийн талаар тохиролцоонд хүрч чадлаа. Одоогоор манай улсад дулааны аргаар мах боловсруулдаг 20 гаруй үйлдвэр байна. Эдгээр үйлдвэрүүд Хятадын талаас тавьсан шаардлагыг хангавал өдөрт 4500-7500 тонн мах боловсруулах боломжтой. Өмнө нь манай улсаас 10 гаруй аж ахуй нэгж Хятадын талд шалгуулаад “Мах маркет”, “Монгол мах эко” гэсэн хоёр компани холбогдох шаардлагыг хангаж экспортлох эрхээ авчихсан байгаа. Одоо эхний энэхүү хоёр компанид гэрчилгээг нь олгоно. Ингэснээр мах экспортлох ажил албан ёсоор эхэлнэ” гэв.

Харин айлчлалын үр дүнг Гадаад хэрийн сайд Л.Пүрэвсүрэн дүгнэн хэлэхдээ “Өнгөрсөн онд Хятад улсын дарга Си Зиньпин манай улсад айлчилж, хоёр орны хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох шинэ үеийг эхлүүлсэн. Энэ айлчлалын гол зорилго нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, өмнөх айлчлалаар хэлэлцэн тохиролцсон зүйлсээ хэрэгжүүлэх, хэрэгжилтийн үйл явцыг эрчимжүүлэх асуудал байлаа. Үүний үр дүнд  хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн 11 баримт бичигт гарын үсэг зурсан. Эдгээрээс хамгийн гол нь өнгөрсөн жил Си Зиньпин даргын Монголд айлчлах үеэр Хятадын талаас амласан нэг тэрбум хүртэлх ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудал байгаа. Энэ удаагийн айлчлалаар зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр манай эдийн засагт эерэгээр нөлөөлөх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэх боломж нээгдэж байна.

Засгийн газраас баримталж байгаа бодлогын нэг нь эдийн засгаа төрөлжүүлэх явдал. Иймд бид нар 70 гаруй сая малаа эргэлтэд оруулж, махыг нь экспортлох шаардлагатай байгаа. Айлчлалын үеэр дулааны аргаар боловсруулсан махыг Хятадад гаргах тухай Засгийн газар хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.

Мөн Монгол Улсын төвийг сахих бодлоготой холбогдуулан Хятадын талд  тайлбар хийлээ. Хятадын тал энэхүү шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байгаа” гээд “айлчлал амжилттай болсон” хэмээн онцлон дурдсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал ийнхүү амжилттай өндөрлөлөө. Айлчлалаар хоёр тал эдийн засаг, болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх олон асуудал хэлэлцсэний дотор нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлэсэн нь хамгийн үр өгөөжтэй хэлцэл байлаа. Энэхүү зээлийн ихэнхийг нь буюу 730 гаруй сая ам.долларыг Эгийн голын усан цахилгаан станцын  төслийг санхүүжүүлэхээр хоёр тал урьдчилсан байдлаар тохиролцоод байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний найдвартай байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Манай улс жилд 200-240 сая долларыг эрчим хүчний импортлоход зарцуулдаг. Харин одоо энэхүү мөнгөн урсгалыг эх орондоо авч үлдэх чухал алхмыг эхлүүлж чадлаа.

Х.Арвис

Холбоотой мэдээ