МАН-ын даргад нэр дэвшигчдийн байр суурийг сонсов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-21 13:32:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын XXVIII хурлаар өнөөдөр үдээс хойш намын даргад нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна.
Тус намыг ирэх дөрвөн жилд удирдах даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар нэр дэвшихээ одоогийн байдлаар мэдэгдээд байгаа. Их хурлын төлөөлөгчдийн хувьд хэнийг дэмжиж буй нь харилцан адилгүй байгаа ч дийлэнх нь эв нэгдлийг хангасан дарга сонгогдох хүлээлттэй байгаагаа илэрхийлж байв. Харин намын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нараас байр суурийг нь сонсов.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:
Их хурлаар намын дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж байгаа. Энэ хурлаар яригдах хамгийн гол асуудал бол намын боловсон хүчний асуудал юм. Манай нам бол өөрийн гэсэн үзэл баримтлалтай. Энэ удаад гишүүдийн байр суурьт тулгуурлаж гол шийдвэр гарна. Миний хувьд боловсон хүчний бодлогын алдаа, өмнө нь ямар алдаа гаргасан бэ гэдэгт дүгнэлт хийнэ. Алдагдсан үнэт зүйлээ сэргээх нь шинэ зүйл хийхээс илүү гэж үзэж байна".

МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл: 
МАН-ын хувьд хариуцлагатай Их хурал болж байна. Хэдийгээр бид олонх болсон ч намын рейтинг байнга унаж байна. Дээр нь 65 эрх ашиг хөөж явсаар байгаад хоёр хуваагдсан. Ийм үед намынхаа эрх ашгийг бодох уу, улс орныхоо эрх ашгийг бодох уу, эсвэл 32,33 гэсэн хоёр том бүлэглэлийн эрх ашгаар явах уу гэдгийг өнөөдрийн хурлаар шийдэх ёстой. Хоёрдугаарт, МАН шинэ бүтэц зохион байгуулалтад орох шаардлагатай. Жишээ нь Удирдах зөвлөл 33 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг ч өнөөдрийн нөхцөлд энэ бүтэц тохирохгүй байна. Тиймээс бид энэ намынхаа Удирдах зөвлөлийг 10-20 хүнтэй болгох ёстой. Хятад улсыг долоон хүн удирдаж байна. Нэгэнт намын дарга, Удирдах зөвлөлдөө итгэл үзүүлж байгаа бол эрх мэдлийг төвлөрүүлэх ёстой. Түүнчлэн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоог клубын системд оруулах ёстой. Энэ холбоо гадаадад боловсрол эзэмшсэн залуучуудыг оруулахгүй хааж боодог хүнд суртлын байгууллага болж хувирсан. Дээр нь намынхаа удирдлагад шантааж хийдэг болсон тул МАН эдээ бээрээс салах ёстой.
Н.Гантуяа

Холбоотой мэдээ