Эрчим хүчний үнийн шөнийн хөнгөлөлтийг 420 өрх эдэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-20 15:26:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар аймгийн төв, томоохон сум, суурингийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг өнгөрсөн долдугаар сард гаргасан билээ.

Уг шийдвэр энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд тусгай тоолуур тавиулсан гэр хорооллын иргэд 22.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн эрчим хүчнийхээ үнийг хөнгөлөлттэй тарифаар тооцон төлөх юм. Өнгөрсөн тавдугаар сард улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслийн хүрээнд 995 сая төгрөгөөр аймгийн төвийн орон сууцанд амьдардаг 500, гэр хорооллын 420 өрхөд уг тоолуурыг тавьжээ. Шинэ тариф мөрдөгдөж эхэлснээр тухайн гэр хорооллын өрхүүд үнийн хөнгөлөлт эдлэх боломжтой болсон байна.

Албаны хүний мэдээлснээр төсөлд хамрагдсанаас бусад айл өрхүүд шинээр тоолуур тавиулж, шөнийн хөнгөлөлттэй тарифт хамрагдах хүсэлтийг одоогоор гаргаагүй ажээ.    

Дашрамд дурдахад,  Баян-Өлгий аймгийн айл өрхүүд дээрх шийдвэр гарахаас өмнө 1 кВт цахилгааныг өдөр, шөнө ялгаагүй 108 төгрөгөөр худалдаж авдаг байсан юм. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ