Парисын халдлагаас үүдэн Хятад аюулгүй байдлаа чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-16 12:36:09

БЭЭЖИН. /Sputnik/. Францын нийслэл Парист гарсан цуврал террорист халдлагаас улбаалан, Хятадад халдлагаас урьдчилан сэргийлэх түвшнийг дээшлүүлнэ гэж тус улсын Нийгмийг аюулаас хамгаалахын сайд мэдээллээ.

Баасан гарагийн орой Парисын “Bataclan” концертийн танхим,  “Стад де Франц” цэнгэлдэх хүрээлэн зэрэг хэд хэдэн газарт зохион байгуулалттай, цуврал халдлага гарсан юм. Буудалцаан болон амиа золиослогчийн халдлага хэлбэрээр үйлдсэн уг халдлага 129 хүний аминд хүрч, наад зах нь 350 хүнийг шархдуулсан байна.

Терроризмтой тэмцэх цогц арга хэмжээ авахыг Нийгмийг аюулаас хамгаалахын сайд  Гуо Шөнкунь бүх шатны удирдлагуудад анхааруулсан тухай  тус улсын “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

Чухал байгууламжууд, олон нийтийн газарт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад анхаарах хэрэгтэйг сануулаад, харуул хамгаалалтаа чангатгахыг онцлон тэмдэглэсэн байна.

Терроризмыг дарах тагнуулын мэдээг цуглуулах талаар цаашид Засгийн газар чармайж ажиллана гэж Гуо Шөнкунь нэмж хэлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ