Хэнтийд барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-10 19:55:48
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт 40 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 41 нэр төрлийн тоног төхөөрөмж бүхий Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори байгууллаа. 
Тус лабораториор дамжуулан барилгын материал үйлдвэрлэл, барилга угсралтын ажилд хэрэглэгдэж байгаа материалуудаас есөн нэр төрлийн дээж шинжилгээг авч, чанар, стандарт, зураг төсвийн дагуу хяналт тавих боломж бүрдсэн байна. Тухайлбал, бүх төрлийн бетон хийц, хөнгөн болон полестрол блокууд, хавтан, цемент, элс, хайрга дайргын хольц зэрэгт шинжилгээ хийх боломжтой аж.

Өмнө нь барилга угсралтын байгууллагууд, барилгын материал үйлдвэрлэгчид тухайн материалын гарал үүслийн гэрчилгээг авахдаа Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулаад, 14 хоног хариугаа хүлээдэг байсан бол одоо орон нутагтаа цаг алдалгүйгээр шинжилгээ хийлгэх юм.

Энэ сарын есний өдөр энэхүү лаборатори болон Хэнтий аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газрын конторын барилгын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Конторын барилга улсын төсвийн 719 сая төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар 18 өрөө тасалгаа, автомашины граштайгаар баригдсан байна. Уг барилга 2012 онд шаваа тавьсан боловч царцаагдсан барилгуудын нэг болоод байсныг 2016 онд БХБ-ын сайдтай гэрээ байгуулснаар хөрөнгө санхүүжилтийн асуудал ийнхүү шийдэгджээ.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ