Гар утсаар тээврийн хэрэгслүүдийг 24 цагийн турш хянана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдийг 24 цагийн турш хянан зохицуулж, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажилласнаар зорчигчдыг аюул осолгүй, амар тайван зорчих боломжийг бүрдүүлсэн хэмээн “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-аас мэдээлэв.
Автотээврийн хөдөлгөөнийг хянах орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан “Хөдөлгөөний удирдлага, хяналтын төв” байгуулснаар тээврийн хэрэгслийн байршил, чиглэл, хурдны мэдээллийг бодит цагийн горимд хүлээн авч, гар утсаар тээврийн хэрэгслүүдийг шууд хянах боломж бүрдсэн байна. Улмаар аймгуудын “Автотээврийн төв”-үүд болон тээвэрлэгч аж, ахуйн нэгжүүдэд хянах боломж олгож тээврийн хэрэгслийн хяналтын программд нэвтрэх эрх олгожээ.
Улс, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдэд 24 цагийн хяналт тавьснаар жолооч нарын хурд хэтрүүлэх явдал эрс багасаж, осол буурч, цагийн хуваарь, маршрутын дагуу хөдөлгөөнд оролцохын зэрэгцээ байгалийн давагдашгүй хүчин зүйл, техникийн гэмтэл зэргээс шалтгаалан машин техник саатсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдсэн байна.
Дашрамд дурдахад дээрх төвийн дэргэд Автотээврийн нэгдсэн лавлах "1900-1234” тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлжээ.
Б.Заяа