Төрийн үйлчилгээний талаар 28 иргэн гомдол мэдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-07 17:17:27
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр хэлтэс, албадын дарга нар уламжлал ёсоор хуралдаж, МШУТ-ийн 70321111 утсанд ирж буй гомдол, мэдээллийг хэлэлцлээ.
Өнгөрсөн долоо хоногт 57 иргэн МШУТ-д хандсанаас 29 нь төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө авч, 28 нь гомдол, санал мэдүүлжээ.
Тухайлбал аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтэст нэг, Хөгжимт драмын театрт нэг, Арвайхээр сумын ЗДТГ-т 12, БСУГ-т нэг, ГХБХБГ-т хоёр, МХГ-т гурав, ХЭАХН-т хоёр, СТСХ-т 24, Татварын хэлтэст нэг, УБХ-т дөрөв, ЭБЦТС-д дөрөв, БОЭТ-д нэг иргэн тус тус хандаж, гэрэлтүүлэг, нийтийн тээвэр, нохой устгал, хогийн цэг, орцны цэвэрлэгээ, орон сууцны халаалттай холбоотой санал хүсэлтээ илэрхийлжээ.
“Хөгжимт драмын театрт оройн 19 цагаас хойш ерөнхий боловсролын сурагчдад үзвэр үйлчилгээ үзүүлмээргүй байна. Хүүхдүүд анги бүлгээрээ ирж кино үзвэр үзэхдээ шуугилдаж, үймүүлж, үзэгчдийн ая тухыг алдуулахаас гадна гэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэлтэй байна” гэх иргэний саналд тус театрын дарга Д.Түмэнжаргал “Манай байгууллагын дотоод журманд оройн 19 цагаас хойшхи үзвэр үйлчилгээнд насанд хүрээгүй хүүхэд оруулахыг хориглоно гэж заасан байдаг. Харин гаднаас ирж тоглолт хийж байгаа байгаа хүмүүс орлогоо бодоод насанд хүрээгүй хүүхдүүдийг оруулах хүсэлт тавьдаг. Цаашид энэ талаар анхааръя” гэх хариулт өгсөн байна.   
БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нараас хувьдаа эмнэлэгтэй хүн олон бий. Тэд улсын ажлыг нэр төдий хийсэн болчихоод өдрийн ихэнх цагийг хувийн эмнэлэгтээ өнгөрүүлдэг гэх гомдлын хариуд БОЭТ-ийн удирдлагын зөвлөлөөс хувийн эмнэлэгт давхар ажилладаг эмч нартай уулзалт хийж асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Мөн иргэнээс хонь, үхрийн мах, цагаан идээ, мөнгө төгрөг авч үзэж оношилж, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож өгдөг гэх иргэний гомдол байсан ч энэ нь ямар нэг нотлох баримтгүй байжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ