Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-04 22:40:34
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын VII хуралдаан 92.7 хувийн ирцтэйгээр хуралдаж, Орон нутгийн төсөвт тодотгол хийлээ.
УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцсэнтэй уялдуулан аймгийн төсөвт өөрчлөлт орж байгаа бөгөөд улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 11,4 тэрбум төгрөг байсныг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 12,4 тэрбум төгрөг болгожээ.
Мөн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг 80 сая төгрөгөөр бууруулах, хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын зардалд 242 сая төгрөг зарцуулах, сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн албан тушаалтны зардалд 238 сая төгрөг зарцуулах, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд 423 сая төгрөгөөр орон нутгийн төсвийн нөөц хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэх, “Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд халамжийн зардлыг 46 сая төгрөгөөр нэмэгдүүлэх тогтоол гаргалаа.
Аймгийн төсвөөс сумын төсөвт болон орон нутгийн байгууллагын санхүүгийн дэмжлэгт долоон тэрбум төгрөгийг, аймгийн төсвөөс Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээг СӨББ-д 8,9 тэрбум, ЕБС-д 26,7 тэрбум, соёлын байгууллагад 2,5 тэрбум, эрүүл мэндийн байгууллагад зургаан тэрбум, бусад байгууллагад 815 сая төгрөгөөр батлав.
Аймгийн ОНХС-аас сумын ОНХС-д олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 2,2 тэрбум төгрөгөөр өөрчлөн баталлаа.
Төсөвт тодотгол оруулж байгаатай холбогдуулан төлөөлөгчид санал тавьж, асуулт асуусан бөгөөд Богд, Баянгол, Сант суманд инженерийн шугам сүлжээг холбож байгаа ч ашиглалт хангалтгүй, яаманд тендер зарлаж, барилгын зураг төсвийг хийхдээ орон нутгаас санал авдаггүйгээс болж газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялддаггүй, үүнээс болж дэд бүтэцтэй холбогдохгүй байх зэрэг асуудал үүсдэг болохыг хэлж байв.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ