Биткойны үнэ цэнийг илтгэх “Цахим алт” ном гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-03 16:15:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ямар нэгэн банкаар дамжилгүй хоёр хүн хоромхон зуур цахим сүлжээгээр гүйлгээ хийх боломж Монголыг тойрсонгүй.  Цаасан мөнгөний өрсөлдөгч  биткойн, криптовалютын ертөнц фэйсбүүк, твиттер нэвтэрсний адил манайд орж ирж байна. Шинэ  цахим мөнгө хүч түрэхийн зэрэгцээ саар зүйл ч гарч буй юм. Цахим сүлжээг ашиглан гарч буй луйвар хийх явдал биткойн, криптовалютын үнэ цэнийг бууруулж буй бөгөөд энэ талаар олон нийтэд зөв ойлголт өгөх зорилгоор Ард санхүүгийн нэгдлээс блокчэйн, биткойн, криптовалютын тухай судалгаа хийж “Цахим алт” ном гаргажээ.

Эл номонд интернет технологийг дагаад бүх салбар хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэх явц болон  цахим мөнгөний эрин үе болох блокчэйн, биткойн криптовалютын үүсэл хөгжлийн тухай бичжээ.
Цахим мөнгөний цагаан толгойд биткойныг алт орлох мөнгөний төгс хэлбэр гэжээ. Өөрөөр хэлбэл биткойн нь төвлөрсөн бус сүлжээнд хадгалагдаж буй  учир алтнаас урт удаан эдэлгээтэй аж. Түүнчлэн биткойны хэрэглээг 74 орны 84 хувь нь хүлээн зөвшөөрдөг байна.



 Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг ярихдаа
,  “Биткойн болон бусад валютуудыг хооронд нь ялгах, Хөрөнгө оруулалт хийх гэж буй иргэд аж ахуйн нэгжүүдэд зөв шийдвэр гаргахад нь туслах үүднээс блокчэйн, биткойн, криптовалютын тухай  “Цахим алт” ном гаргалаа.  Цахим мөнгөний талаар ойлголтгүй байгааг ашиглан Олон улсын Жи тайм, Уан койн зэрэг сүлжээ хүмүүсийг төөрөгдүүлэн их хэмжээний мөнгө авч луйвардсан тохиолдол гарсан. Дээрх сүлжээ байгууллагуудад элсэх нь аюултай гэдгийг Ард санхүүгийн нэгдлээс олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэж байсан. Криптовалютын тухайд  евро, ам.доллар худалдан авч арилжаа, төлбөр гуйвуулга, хөрөнгө оруулалт байдлаар байршуулах боломжтой. Биткойны үнэ энэ онд 570 хувиар өссөн нь зах зээлд зогсонги байсан арилжаачдыг хөдөлгөөнд орууллаа. Өмнөх жилийн мөн үед 700 ам.доллар байсан биткойны ханш өнөөдөр 6400 ам.долларт хүрээд байна. Монгол Улс цахим мөнгөний чиглэлээр зөв зохицуулалт хийж чадвал агаараас хатуу валютын орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Биткойны нэрийг барьж луйврын схемүүд явж буй учир иргэд маш сайн нягталж шийдвэр гаргах хэрэгтэй. Биткойныг албан ёсоор төлбөр тооцооны хэрэгслээр хүлээн зөвшөөрсөн улс бол Япон юм. Мөн  Криптовалютын сангууд Швейцарь, АНУ-д байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. Нийт биткойны 70 орчим  хувийг Хятад улсад олборлож байна” гэлээ.

Ирэх 12 дугаар сард Ард санхүүгийн нэгдлээс Цахим мөнгө ба криптовалют, биткойны чиглэлээр үндэсний чуулган зохион байгуулах аж. Мөн тус нэгдлээс криптограф, блокчэйн технологийг судлах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, ойлголтыг олон түмэнд хүргэх, боловсон хүчнийг бэлтгэх, зах зээлд  криптовалютыг нэвтрүүлэх зорилгоор “Ард бит” төслийг санаачилан хэрэгжүүлэхээр болжээ.
 
Б.Заяа
Холбоотой мэдээ