У.Хүрэлсүх: ОУВС-гийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд энэ оны эхний 10 сарын байдлаар 54 арга хэмжээ авч хэрэгжүүлснээс :6 ажил бүрэн биелсэн, 25 ажил 70 хувьтай, 22 ажил 40 хувьтай биелсэн бол нэг арга хэмжээний хэрэгжилтийн хугацаа болоогүй.Хөтөлбөрийн хэрэгжилт дунджаар 60.9 хувьтай. Харин одоогийн байдлаар орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад үр ашгийн шинжилгээ хийж, зарцуулалтыг ард иргэдэд нээлттэй, ил тод болгох, “Алт-2” хөтөлбөрийг боловсруулж батлуулах, гадаад бондыг дахин санхүүжүүлэх, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулах зэрэг ажлууд бүрэн хэрэгжсэн болохыг тодотгов.
Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн үндсэн 6 зорилт дэвшүүлсэн ба "Улсын төсвийн алдагдлыг бууруулж, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах” бодлогын хүрээнд 2017 оны есдүгээр сард төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буурч 737.8 тэрбум төгрөг болсон байна. “Төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж, инфляцийн тогтвортой байдлыг хангах” хоёр дахь бодлогыг хэрэгжүүлснээр Ерөнхий сайдын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих Зөвлөл байгуулж, ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тогтжээ. Үүний үр дүнд Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, ОУВС-аас 38.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирсэн. Цаашид Япон Улс 850 сая ам.доллар, БНСУ 750 сая ам.доллар, Энэтхэг Улс нэг тэрбум ам.долларын бага хүүтэй зээлүүдийг олгохоор болоод байна.
Гуравдугаарт “Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, ойрын хугацаанд төлөх гадаад өр төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэх” бодлогыг хэрэгжүүлснээр гадаад валютын нөөц хомсдолтой байсан хэдий ч холбогдох арга хэмжээ авсаны дүнд гадаад валютын албан нөөц өнгөрсөн сарын байдлаар 1,750.2 сая ам.долларт хүрсэн аж. Засгийн газрын баталгаатайгаар Хөгжлийн банкнаас 2012 онд гаргасан 580.0 сая ам.долларын бондыг хуваарийн дагуу амжилттай эргэн төлсөн нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээлээ.
Дөрөвдүгээрт “Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх” бодлогыг хэрэгжүүлснээр “Атрын-III аян”-ыг үргэлжлүүлж, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг эхлүүлж, улмаар улсын хэмжээнд хуурай сүүний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх бодлогыг хэрэгжүүлж, хуурай сүүний үйлдвэрүүд барьж байгуулан, энэ чиглэлийн импортыг бууруулах нөхцөл бүрдсэн.
Тавдугаарт “Бодит салбарын өсөлтийг дэмжиж, томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” бодлогыг хэрэгжүүлсэн. Үүний дүнд экспортын хэмжээ оны эхний гуравдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 37.5 хувиар өсч, эдийн засгийн идэвхжил сайжрав. Ажилгүйдлийн түвшин энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 9.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.8 нэгжээр буурчээ. Мөн 2016 оны гуравдугаар улиралд -1.6 хувьд хүрч унаад байсан эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар улиралд 5.3 хувьд хүрсэн байна.
Зургадугаарт “Эдийн засгийн өсөлтийг дэмжих хариуцлагатай засаглалыг бэхжүүлж, хууль, эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх” бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд холбогдох хуулиудыг боловсруулан УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байгаа ба зрим хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгээд байгааг Ерөнхий сайд мэдээллээ.
Тэрбээр цаашид аль салбарт ямар ажил хийхээр төлөвлөсөн талаар танилцуулав.
Уул уурхай, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр:
- Цахиурт Овоогийн төмрийн хүдрийн уулын баяжуулах, Дулаан хар уулын холимог металлын уулын баяжуулах, Ширэн Овоогийн төмрийн хүдрийн уулын баяжуулах, Хар Овоогийн уулын баяжуулах зэрэг төслийн хэрэгжилт удаашралтай байна. Иймд ажлыг нь эрчимжүүлэх, учирч байгаа бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
- Газрын тосны ордын ашиглалтыг эрчимжүүлж, олборлолтыг нэмэгдүүлэх арга хэмжээний биелэлт хангалтгүй байна. Газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээ 2017 оны эхний есдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс зургаан хувиар буурсан байна.
- Тавантолгойн ордод түшиглэн олборлон баяжуулах үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах төслийн хэлэлцээрийг эцэслэн гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт орж ирэх нөхцлийг бүрдүүлэх ажлын явц хангалтгүй байна.
- Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчийг сонгох, төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах ажлууд удаашралтай байна. Төслийн ТЭЗҮ-д тодотгол хийх арга хэмжээг 2017 оны сүүлийн хагаст бүрэн хэрэгжүүлэхээр тусгасан боловч одоогоор төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй байна.
Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр:
- Дулааны III цахилгаан станц, Чойбалсангийн ДЦС төслийн санхүүжилтийн хэлбэрийг тодорхой болгоогүйн улмаас ажлын явц зогсонги байдалтай байна. Иймд Дулааны III цахилгаан станц болон Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилтийг тодорхой болгох, төсөвт дарамт учруулахгүйгээр, үр ашиг өндөртэй байхаар санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
- Тавантолгойн 450 Мвт-ын цахилгаан станц барих төслийн хүрээнд хийх цахилгаан худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээр удаашралтай байна.
Зам, тээврийг хөгжүүлэх чиглэлээр:
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг тодотгох ажлыг 2017 оны эхний хагаст боловсруулж дуусгахаар тусгасан боловч одоог хүртэл боловсруулаагүй байна.
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2018 оны эхний хагаст дуусгахаар төлөвлөсөн боловч хугацаандаа хэрэгжих боломжгүй болсон.
- Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр зам болон Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын царигийн асуудлыг УИХ-аар яаралтай батлуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна.
- Хөөт-Бичигт, Зүүнбаян-Ханги, Богдхан төмөр зам барих төслийн санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай.
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр:
- Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулах ажил хугацаандаа хэрэгжээгүй байна. Иймд эдгээр хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна.
- “Ноолуур”, “Малыг эрүүлжүүлэх” зэрэг хөтөлбөрийг 2017 оны эхний хагас жилд шинэчлэн боловсруулахаар тусгасан боловчтөсөл бэлэн болоогүй байна.
- Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т туссан томоохон төсөл, арга хэмжээний биелэлтийг эрчимжүүлж, хэрэгжилтийн үнэлгээ, тайлагнан сайжруулах чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг даалгавар, чиглэл өгч ажиллаж байгаа бөгөөд цаашид эрчимжүүлэх чиглэлээр томоохон Ажлын хэсэг байгуулан ажиллахаар төлөвлөөд байна.
УИХ-аас батлан гаргасан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн зорилтууд, ОУВС болон бусад хандивлагчтай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээний зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, улс орныхоо эдийн засгийг тогтворжуулан, цаашид тогтвортой өсөлтийн замд оруулахад Засгийн газар улам их хүчин чармайлт тавин ажиллах болно" гэв.