Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгож, цалинг индексжүүлэн нэмэх талаар ОУВС-тай ярилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-02 19:15:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийсэн Төсвийн талаарх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт хэлж байгаа юм. Гишүүдийн зүгээс ирэх оны төсөвт Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж бий эсэх, цэцэрлэг сургуулийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, цалин тэтгэврийг нэмэх боломж эрэлхийлж буй эсэх, ипотекийн зээлийн хөтөлбөр хэрхэн үргэлжлэх, Оюутны зээл, Цалинтай ээж хөтөлбөрийн санхүүжилт, эдийн засгийн өсөлтийг хэрхэн тооцсон зэрэг асуулт асуулаа.

Үүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Ажлын хэсгийн өгсөн хариултыг тоймловол, ОУВС, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА байгууллагатай байгуулсан бодлогын баримт бичигт нийт хүүхдийн 60 хувьд олгохоор тусгаад гэрээ байгуулчихсан. Гэхдээ ОУВС бүх хүүхдийн 80 хувьд олгож болно, харин бусад олон улсын байгууллагатай тохиролцох ёстой гэсэн байр суурь хэлсэн учир АХБ, ЖАЙКА-тай ярилцлага хийхээр зэхэж байгаа аж. 2019-2020 онд цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн шийдвэрлэхээр Засгийн газар төлөвлөсөн бөгөөд улсын төсвийн хөрөнгө, АХБ, Япон, БНХАУ-ын санхүүжилтээр нийт 50 гаруй сургууль, 90 орчим цэцэрлэг байгуулахаар болжээ. Харин газар чөлөөлөлтийн ажлыг Нийслэлийн Засаг дарга хариуцан гүйцэтгэх ёстой аж.

Энэ төсвийн онцлог нь анх удаа ЭМД-ын санг бие даалган оруулж ирж байгаа. Нийт орлого нь  450 тэрбум, жилдээ 40-50 тэрбум үлдэгдэлтэй байдаг уг санг бие даалгаснаар үлдэгдэл хөрөнгийг нийт даатгуулагчдад хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна.

ОУВС-тай 2018 он дуустал цалин нэмэхгүй гэж гэрээ байгуулсан боловч цалинг индексжүүлж нэмэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн саналаа Монгол Улсын Засгийн газар илэрхийлжээ. Ингэхдээ өөрсдийн олсон орлогоороо цалинг нэмэгдүүлдэг байх талаар ярилцах болсон байна. Мөн багш нарт нэмэгдэл цалин өгөх асуудлыг 12 журмаар шийдэж байгаа нь захирлын үзэмжээр шийдэх боломж олгож байгаа учир үүнийг цэгцлэх болжээ.



Оюутны зээлийн хөтөлбөрт 75 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд арилжааны банкууд зөвхөн гүүр болж, оюутнууд өөрсдөө батлан даагч болон, дараа нь ажил дээр гарчихаад эргүүлэн төлөх системээр хэрэгжүүлэх аж. Мөн Цалинтай ээж хөтөлбөрт 70 тэрбум, хөдөөгийн малчдын тэтгэвэрт гарах нас 5 жилээр наашилсантай холбогдуулан 13.5 мянган хүн тэтгэвэрт гарах учир  44.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт тусгасан байна.

Харин гишүүдийн зүгээс Соёлын санд 1 тэрбум төгрөг төсөвлөснийг шүүмжилж байв. Тухайлбал БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа уг санд 5 тэрбум төгрөг санал болгосон ч Сангийн сайд 2.5 болгож тусгасан гэж хэлсэн. Гэтэл төсөлд 1 тусжээ. Соёлын салбарыг ингэж орхигдуулж болохгүй гэв. Харин Сангийн сайд үүнд ШУТехнологийн санд тусгасан төсвийг 12.5 болгож нэмэгдүүлсэнийг залруулж хэлж байв.

Эдийн засгийн нэн тулгамдсан асуудал болоод байгаа өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Ч.Хүрэлбаатар сайд хариулахдаа “Өрийг бууруулах, өрийн дарамтаас гарах гэдэг Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал. Төсвийн алдагдлыг бууруулах нь өр бууруулах үндсэн үзүүлэлт гэж үзэж байгаа. Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авахгүй гэсэн зарчим барьж байгаа. Хуулийн дээр юу ч байж болохгүй гэдэг зарчмыг баривал хөрөнгө оруулагчдыг татна. Төсвийн нэг ч төгрөгийг үр дүнгүй зарцуулахгүй, төсвийн сахилга батыг барина. Төсвийн зарлагын реформыг хийнэ гэж төлөвлөн ажиллана” гэлээ.

Ирэх оны төсөвт эдийн засгийн өсөлтийг 4.2 хувь байхаар тооцжээ. Ингэхдээ салбар тус бүр, үйлдвэрлэл бүрээр гаргаж, эрсдлийг тооцоолж тогтоосон аж. Хоёр том эрсдэл байгаа нь энэ өвөл хүндэрч, зуд болж магадгүй байгаатай холбоотой учир ХАА-д өсөлтөө багасгаж тооцжээ. Мөн эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд өссөн ч энэ салбараас хангалттай өсөлт гарах магадлал бага байна гэж үзжээ. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нүүрсний экспорт буурсан, тээвэрлэлтийн асуудлаас болоод нүүрсээ хангалттай экспортолж чадахгүй байгааг Сангийн сайд хэлж байв.

Ипотекийн зээлийн талаар Сангийн сайд “Үнэн хэрэгтээ ипотекийн зээлтэй иргэд сард 500 мянга төлөхөд 50 мянга төгрөг зөвхөн үндсэн зээлээс хасагдаж байгаа. Үүнийг олон хүн хандаж гомдол тавьсан. Арилжааны банкуудаар дамжиж байгаа ипотекийн зээл мөнгө хүүлэлтийн системд орчихсон юм биш биздээ гэж харсан. Тиймээс холбогдох хуулиудын дагуу Сангийн яаманд нарийвчлан авч үзэх болсон” гэв.

Замын-Үүдийн чөлөөт бүсийг ирэх онд ашиглалтад оруулах болсон талаарх мэдээллийг Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдааны үеэр хэллээ. Тэрбээр “Замын-Үүдийн чөлөөт бүс өндөр ач холбогдолтой ч хүссэн үр дүнд хүрэхгүй байна. Одоогийн байдлаар 50 сая ам.долларын БНХАУ-ын талаас Замын-Үүд чөлөөт бүс болон Замын-Үүд суманд олгосон. Монголын Засгийн газраас 8 сая ам.доллараар санхүүжүүлсэн. Бүсийн автозам дууссан, дулаан хангамж, усан хангамжийг тун удахгүй улсын комисст хүлээлгэн өгнө. Энэ ондоо багтаагаад байгууламжийг бүхэлд нь улсын комисст өгөх төлөвлөгөөтэй байна. Ирэх ондоо чөлөөт бүсээ нээе гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ бол ач холбогдол ихтэй бүтээн байгуулалт. Тиймээс төсөвт тавьсан хөрөнгө оруулалтыг хасахгүй батлахыг хүсч байна” гэлээ.

Энэ мэтчилэн гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм. Дараа нь Төсөвтэй холбогдуулан гишүүд санал хэлэх бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэж буй асуудлаа дуустал чуулганы нэгдсэн хуралдааны цагийг сунгалаа.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ