Д.Цогтбаатар: Б.Хурц анхнаасаа дипломат албанд ажиллаж байсан хүн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-02 16:26:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Элчин сайд томилох, эгүүлэн татах асуудлаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулав.  

-Монгол Улсыг төлөөлөн гадаад оронд томилдог Элчин сайдуудад ямар үндсэн шалгуур тавьдаг юм бэ?
-Элчин сайд гэдэг бол олон зууныг дамнасан аливаа улсын гадаад үйл ажиллагааны алтан аргамжаа болж, эзэн Чингисийн үеэс нэрлэгдэж ирсэн хүн юм. Итгэмжлэх жуух бичиг дээр нь бичсэн байдаг. Аливаа улс орныг бүрэн төлөөлж, хэлсэн үг бүр тухайн төрийн байр суурь гэж итгэж хүлээж аваарай гэсэн байдаг. Тэгэхээр тэр хүний үгээр л Монгол Улс аливаа асуудалд ямар байр суурьтай байгааг мэдэж болдог. Тухайн оронд очиж байгаа Элчин сайд нар бүс нутаг, соёл иргэншлээ мэддэг, хамгийн гол нь олон улсын харилцааны туршлагатай байх шаардлага тавьдаг.

-Улсын нууцыг мэддэг хүнийг буюу ТЕГ-т ажиллаж байсан хүн Элчин сайдаар явах нь хэр зохистой вэ?
-Б.Хурцын хувьд анхнаасаа л дипломат албанд ажиллаж байсан. Ер нь дипломат албаны хийдэг бас нэгэн ажил нь илээр бүх мэдээллийг цуглуулж, түүндээ дүн шинжилгээ хийдэг. Тагнуул бол нууцаар мэдээлэл цуглуулдаг газар. Түүнээс мэдээлэл боловсруулдаг систем нь адилхан. Тухайн орныг байнга ажиглаж, дотоод улс төр хэрхэн өрнөж буйг харж байдаг. Бид ганц тагнуулаас биш өөр байгууллагаас ирсэн мэдээллийг боловсруулдаг шүү дээ.

-Төрийн албанаас чөлөөлөгдөөд нэг жилийн дараа дипломат албанд томилогдох ёстой гэж яриад байна л даа?
-Тийм хуулийн заалт байхгүй. Харин томилогдмогц тухайн орондоо 4 жил ажиллана гэсэн хуулийн заалт сая батлагдсан.

-Та дипломатч хүний хувьд өмнө хийж байсан Элчин сайд нарын томилгоонд ямар байр суурьтай байдаг вэ?
-Элчин сайд нарыг нэлээн шалгуураар томилж явуулдаг. Янз бүрээр л хүмүүс шүүлжилдэг. Үнэн хэрэгтээ өмнө нь дипломат салбарт ажиллаж байсан, гадаад харилцаанд тодорхой хэмжээнд оролцож байсан хүмүүсийг томилдог. Мэргэжлийн салбар учраас тухайн Элчин сайд бага, залуудаа энэ салбарт өмнө нь ажиллаж байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй.

-Ё.Отгонбаяр нарын таван Элчин сайдыг хэзээ явуулах вэ?
-Энэ асуудлыг ярилцаж байгаа. Нөгөө талаасаа зөвшөөрөл нь ирчихсэн байгаа. Монголдоо дотоод үйл явц нь л удаашралтай, гүйцээгүй байна.

-С.Баярыг хэзээ авч ирэх вэ?
-Ямар ч гэсэн С.Баяр сайд өргөдлөө өгсөн. Үүнийг Гадаад хэргийн сайд ганцаараа шийдэхгүй. Угаасаа парламент, Засгийн газраар орж томилогддог албан тушаал. Тэгэхээр энэ бол олон оролцогчтой, төрийн олон түвшинд ярьж, хэлэлцэж байж шийднэ.

-Элчин сайд нартай холбоотой асуудал Ерөнхийлөгч дээр гацчихаад байгаа нь үнэн үү?
-Элчин сайд нартай холбоотой нэлээн хэдэн асуудал бий. Ярилцах хэрэгтэй. Энэ нь зогсохгүй үргэлжилдэг үйл явц шүү дээ. Тэгэхээр үүнийг Ерөнхийлөгч, УИХ-тай байнга ярилцана. Ерөнхийлөгчийн шийдэх нэлээн хэдэн асуудал бий.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ