Угийн бичиг хөтлөх сургалтад төрийн албан хаагчдыг хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-01 00:11:01
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-ын Соёл урлагийн хэлтсээс угийн бичиг хөтөлж сургах “Үл тасрах хэлхээ” хоёр сарын аяныг 12 дугаар сарын 10 хүртэл зохион байгуулж байна. Сургалтад төрийн албан хаагчдыг хамруулж байгаа бөгөөд одоогоор Арвайхээр, Баян-Өндөр, Есөнзүйл, Өлзийт, Сант суманд хийгээд байгаа  ажээ. 
Угийн бичиг хөтлөх нь төрлөө мэдэх, өв соёл, зан заншлаа уламжлуулан хадгалах, овог удмынхаа нэр төрийг өргөн дээдэлж зөв мөртэй амьдрах нийгмийн хүмүүжлийн ач холбогдолтойн дээр язгуур зорилго нь хүний эрүүл нөхөн үржих, генийн цэвэр байдлыг хадгалах, цус ойртохоос сэргийлдэг. Тиймээс Соёлын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиудад Угийн бичиг хөтлөх тухай заалтуудыг тусгасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор угийн бичиг хөтлөх аргачлалыг тогтоосон байна. Мөн Угийн бичгийн хөтлөлтийг эрчимжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2017 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 01 тоот албан даалгавар гаргаж, хууль, журмыг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, ЕБС-ийн сурагчид, төрийн албан хаагчдад угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг сурталчлаад байна.
Сургалтад хамрагдсан хүмүүс угийн бичгийн тухай мэдлэгтэй болсон ч амьдрал дээр хэрэгжүүлэхгүй байна гэдгийг Соёл урлагийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам хэлж байв. Тиймээс төрийн албан хаагчдад заах сургалтаар сургагч багш нарыг бэлтгэх бөгөөд тэднийг идэвхжүүлсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм байна. 
Монголчууд эрт үед угийн бичиг хөтлөхдөө модны үндэс, нарны цацраг хэлбэрээр бичиж байсан, сүүлийн хэдэн арван жилд энэ өв соёл алдагдсанаас угийн бичиг хөтлөх аргачлалуудаа ч мартсан байна. Харин Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор "Хүн судлалын үндэсний төв"-ийн захирал, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ж.Батсуурийн үлгэрчилсэн загварыг нэгдсэн байдлаар ашиглах тогтоол гаргажээ. Тиймээс доктор, профессор Ж.Батсуурийг урин Угийн бичиг хөтлөх талаар томоохон сургалтыг явуулахаар Соёл урлагийн хэлтсээс төлөвлөж байгаа аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ