Хээрийн нөхцөлд зоонозын халдварт өвчнийг богино хугацаанд оношлох болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-10-30 13:53:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын хүрээлэнгээс ЗӨСҮТ-д хээрийн лабораторийн 39 нэр төрлийн 53 сая 100 мянган  төгрөгийн үнэ бүхий иж бүрэн  лабораторийн багаж, тоног төхөөрөмж өнөөдөр хүлээлгэн өглөө.
ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн, ЗӨСҮТ-тэй хамтран “Монгол-Оросын нутагт хил залгасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдлыг судлах, тархвар судлалын эрсдлийг бууруулах” хөтөлбөрийг 2017 оноос эхлэн 3 жилийн хугацаатай  хэрэгжүүлж буй юм.



Хөтөлбөрийн хүрээнд хээрийн лабораторийн иж бүрэн багаж хэрэгслийг хүлээн авснаар зоонозын гаралтай халдварт өвчнийг хээрийн нөхцөлд өвөрмөц, мэдрэг чадвар сайтай молекул биологийн аргаар хурдан хугацаанд оношлох боломж бүрдэж буйг албаныхан хэллээ.
Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож хэлсэн үгэндээ,  "Дэлхий дахинд Эбола, Зика, шувууны томуу зэрэг шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчний дэгдэлт бүртгэгдэж буй нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Сүүлийн жилүүдэд зоонозын шалтгаант өвчин хил дамжин тархаж, олон оронд зөөвөрлөгдсөн нь “халдварт өвчинд хил хязгаар үгүй” бөгөөд үүнтэй тэмцэхэд хөрш орнуудын мэргэжлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал гэдгийг харуулж байна.  Үүний нэг илрэл нь ЗӨСҮТ хөрш зэргэлдээ ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй 80 гаруй жил хамтран ажиллаж, зоонозын өвчнийг тандан судлах, өвчний төлөв байдлыг тогтоох, мэдээлэл солилцох, эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. ОХУ-д тарваган тахал өвчин шинээр сэргэж байгааг тус улсын мэргэжлийн байгууллагууд албан ёсоор зарлаж, уг өвчнөөс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байгаа өнөө үед  энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ юм” гэв.

Ж.Болор
Холбоотой мэдээ