Хэвлэл мэдээллийн ажилтнууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-27 15:39:08
Өвөрхангай /МОНЦАМЭ/. МСНЭ-ийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл "Чинмэнд" эмнэлэгтэй хамтран хэвлэл мэдээллийн ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа.
Мэдээ, мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй хүргэхийн төлөө нийгмийн үйл явдалтай уралдан ажиллаж, өөрсдийнхөө амьдрал ахуй, эрүүл мэндийг үргэлж орхигдуулж байдаг сэтгүүлч, арын албаныханд эмнэлэгт үзүүлнэ гэдэг ховор боломж юм. Тиймээс аймгийн дөрвөн телевиз, сонин, сэтгүүл, сайт, радиогийн сэтгүүлч, зураглаач, техникийн ажилтнууд болох 20 гаруй хүн үзлэг, шинжилгээнд хамрагдлаа.
"Чинмэнд" эмнэлгийн ерөнхий эмч н.Орхонтуяа “Амьдралын буруу дадал зуршилтай холбоотой архаг өвчлөлүүд байна” гэдгийг онцлов. Тодруулбал хөдөө гадаа ажиллаж, даарч хөрснөөс шалтгаалсан хоолойн махны үрэвсэл, хеликобактерийн шинж тэмдгүүд давамгайлж байсан юм.
МСНЭ-ийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Т.Чимэддорж “Аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дийлэнх хувь нь 20 гаруй насны залуучууд болохоор залуу хүний эрч хүчээр ажиллаж, эрүүл мэндийн асуудлаа орхигдуулах тал байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан аймгийн "Чин мэнд" эмнэлэгт хүсэлт тавьсныг хүлээн авч, биднийг үзлэг оношилгоонд хамруулан эрүүл зан үйлийн тухай сургалт зөвлөгөө өглөө. Тус эмнэлгийн хамт олонд талархлаа илэрхийлье” гэв.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ