Хүүхдийн клиник сувилалуудад тоног төхөөрөмж, ном хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2017-10-27 10:52:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бяцхан зүрх бүхний төлөө” аяныг зохион байгуулагчид өчигдөр буюу энэ сарын 26-нд утлагын аппарат, бумба, хүүхдийн даралтын аппарат, чагнуур, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хооллох ширээ, хүүхдийн ном, тоглоом зэргийг Сонгинохайрхан дүүргийн 41, Баянзүрх дүүргийн 40, Хан-Уул дүүргийн  4 дүгээр Хүүхдийн клиник сувилалд гардуулав.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс хүүхдийн клиник сувиллын үйл ажиллагааг дэмжих, тусламж үйлчилгээнд ашиглах эд зүйлсийн хангалтыг сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, эмийн бус эмчилгээний нэр төрлийг нэмэх санаачилга гарган энэ сарын 02-20-нд “Бяцхан зүрх бүхний төлөө” хандивын аян өрнүүлсэн юм. Уг аянд НЗДТГ-ын хэлтсүүд, НЗД-ын харьяа 15 агентлаг, гурван ТББ, холбоо, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, “Өнө-энх” сувилал зэрэг байгууллага оролцжээ.

Аяны хүрээнд цугларсан мөнгөөр дээрх тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар Хүүхдийн клиник сувилалуудад гардуулжээ. Хүүхдийн клиник сувилал нь өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгээс илгээсэн 3 хүртэлх насны архаг, суурь өвчтэй хүүхдүүдийг эмчилгээний хоол, эмийн бус эмчилгээ, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр сувилан сэргээн засах тусламж үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага юм. Тоног төхөөрөмж хандивласнаар тусламж үйлчилгээнд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн хангалт нэмэгдэж, чанар, хүртээмж сайжирч улмаар сувилуулж буй архаг, суурь өвчтэй хүүхдийн эндэгдэл буурна гэж үзэж байгаа юм. Цаашид клиник сувиллын үйл ажиллагааг дэмжих ажлуудыг шат дараалан хийх аж

Баянзүрх дүүргийн 40 дүгээр сувилал нь 120, Сонгино-хайрхан дүүргийн 41 дүгээр сувилал нь 220 орны хүчин чадалтай бөгөөд өдрийн 8 цагаар, Хан-Уул дүүргийн  4 дүгээр сувилал нь 100 ортой, 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Жилд дунджаар архаг болон суурь өвчтэй 600 гаруй хүүхэд сувилуулдаг байна.

Ч.Ариунболд  
Холбоотой мэдээ