Номхон далайд ус төрөгчийн бөмбөг туршина гэсэн Пхеньяны анхааруулга "хий хоосон үг биш"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-26 15:59:56
ПХЕНЬЯН. /Си-Эн-Эн/. Номхон далайн усанд ус төрөгчийн бөмбөг туршина гэсэн анхааруулга “хий хоосон үг биш” гэдгийг АНУ санаж явах хэрэгтэй гэж Умард Солонгосын нөлөө бүхий албан тушаалтан мэдэгджээ.

Умард Солонгосын нөлөө бүхий дипломатч Ри Ён Пил лхагва гарагт “Си-Эн-Эн” телевизэд ярилцлага өгөхдөө “Манай улсын Гадаад хэргийн сайдын өгсөн анхааруулгыг АНУ үл ойшоох хэрэггүй. БНАСАУ-ын үг, үйлдэл хэзээ ч зөрж байгаагүй” гэсэн байна.

Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотод хүрэлцэн очоод байхдаа “Манай улс Номхон далайд маш хүчтэй ус төрөгчийн бөмбөг туршина” гэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын индрээс “Бидэнд Умард Солонгосыг бүрэн устгах хүчин чадал бий” гэж хэлснээс хэдхэн цагийн дараа Ри Ён Хо ингэж анхааруулсан билээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ