Аймгийн удирдах бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах аргачлалд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-25 17:32:23
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэдэг.

Команд штабын сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох,  сургуулийн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулагдаж байна.



Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан: Байгалийн гамшиг тохиолдоход хурдан шуурхай шийдвэр гаргаж, эрсдэл багатай даван туулах чадвартай болно
- Өмнө нь 2012 онд бүр иж бүрэн сургуулийг зохион байгуулж байсан. Үүнээс хойж 5 жил  өнгөрч энэ хугацаанд сонгуулийн хоёр цикл өнгөрчээ. Олон ч хүн өөрчлөгдөж, солигдсон. Ялангуяа сум орон нутгийн удирдлагууд нэлээд өөрчлөгдсөн. Тэгэхээр бид энэ хүмүүсээ байгалийн аль нэг гамшиг болоход бэлэн байх, түргэн шуурхай мэдээллийг авдаг, шийдвэрээ гаргаж чаддаг болох ийм түвшинд бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар гэхэд Архангай аймгийн өвөлжилтийн байдал хүнд түвшинд байгаа. Бэлчээрийн ургац тааруу, хадлан өвсний 30-40 хувийг бэлдсэн байх жишээтэй. Дээрээс нь манай аймаг ойн сан ихтэй учраас ойн түймэр гарах, малын янз бүрийн гоц халдварт өвчин гарах магадлал өндөртэй аймаг. Энэ бүгдэд л удирдах бүрэлдэхүүнийг бэлэн байлгах зорилготой энэ удаагийн сургууль дадлагыг хийж байгаа юм. Энэ сургалт зохион бйагуулагдсанаараа байгалийн аль нэг гамшиг бий болоход бид хурдан шуурхай шийдвэр гаргаж, аль болох эрсдэл багатай даван туулах чадвартай болох юм.



Ихтамир сумын Засаг дарга Ц.Сэнгээ: Бид эндээс сурч мэдсэн мэдлэгээ цааш нь түгээхэд анхаарч ажиллана
-Энэ удаагийн Гамшгаас хамгаалах команд штабын сургууль үр дүнтэй болж байна. Сургууль дадлага удирдлагын түвшинд хийгдэж байгаа болохоор нэлээд зүйлийг сурч авлаа. Орон нутагт гамшиг гарлаа гэхэд бид өөрсдөө хариуцаж, гардан ажиллаж төлөвлөгөөгөө гаргаж хийдэг болохоор эндээс нэлээн их зүйлийг сурч ойлгож авч байна. Энэ сургуулийн өмнө манай сумын мэргэжлийн ангийн бэлэн байдлыг шалгасан. Манайх нэлээд өндөр буюу 97 хувиар үнэлэгдэж шалгуулсан байгаа. Гамшиг гэдэг бол гэнэтийн зүйл шүү дээ. Тийм учраас бид 2017 оны төсөв дээрээ 3 сая гаруй төгрөгийг суулгаж багаж тоног төхөөрөмж, богино долгионы аппарат, жигд хувцас, аранз гэхчлэн олон зүйлийг авч бэлдсэн. Бид хэзээд л бэлэн байх ёстой юм. Энэ сургуулиар хүн ардаа аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, аюул боллоо ч бие биенээ хамгаалах, яаж ажиллах вэ гэдэг аргачлалыг заалгаж байна. Бид эндээс сурч мэдсэн мэдлэгээ цааш нь түгээхэд анхаарч ажиллана. Манай сум жилдээ нэг удаа гамшгаас хамгаалах сургууль, сургалт дадлагыг хийдэг. Энэ сургалтуудаа өөрсдийн мэдэж ойлгож авсан мэдээллүүд дээрээ тулгуурлан зохион байгуулахад илүү чанартай, үр дүнтэй болох юм байна гэсэн бодол төрж байна.



Эрдэнэбулган сумын II сургуулийн захирал Н.Гэрэлчулуун: Бүх багш, ажилчид, сурагчдад энэ мэдээллийг түгээх ажлыг хийнэ
-Байгалийн гамшиг ялангуяа газар хөдөллөө гэхэд сургуулийн удирдлагууд хэрхэн яаж ажиллах вэ гэдэг чиглэлээр аргачлалд суралцаж байна. Өөрөөр хэлбэл, цагийн байдлыг хэрхэн боловсруулах вэ, сургууль дээрх гамшгаас урьдчилан сэргийлэх түр штаб яаж ажиллах, сургууль дотор байгаа багш, сурагчдад ямар арга хэмжээ авч болох, асгарсан химийн бодис, цахилгаанаас үүдэлтэй галыг яах вэ гэсэн чиглэлээр мэдээлэл авч, зураг дээр ажиллаж байна. Манай сургууль дээр гамшгаас хамгаалах түр штаб долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг. Энэ штабынхаа хүмүүст эндээс олж авсан мэдээллээ танилцуулж сургалт хийнэ. Тэд маань бүх багш, ажилчид, сурагчдад энэ мэдээллийг түгээх ажлыг хийнэ ээ. Дараагийн дугаарт сургуулийн өсвөрийн хамгаалагчид гэсэн бүлэг анхан шатны тусламж үзүүлж ажилладаг. Үүгээрээ дамжуулан мөн багш, сурагч, ажилчиддаа түгээх болно.   

Дадлага сургуулийн онцлог нь сургуулийн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллуулж албад, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог бүрэн нэмэгдүүлэх, гамшгийн үед тухайн аймаг, орон нутагт тулгамдаж болзошгүй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулах, ажилласан цагийн байдлыг дуурайлган дадлага, үзүүлэх сургуулийг зохион байгуулдгаараа онцлог юм.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ