Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг хавар эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-24 16:14:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа гурван сайдын хамт өнөөдөр нийслэл хотын гол тулгамдсан асуудал болоод буй Төв цэвэрлэх байгууламжид очиж үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрбээр Төв цэвэрлэх байгууламжийн барих сонгон шалгаруулалтыг дахин явуулж, ирэх хавраас барилгын ажил эхлүүлэхээр Ажлын хэсэг байгуулахаа мэдэгдэв.

Ерөнхий сайдтай хамт УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны дарга Ц.Гарамжав, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХБ-ын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлогын дарга Ш.Мягмар, нийслэлийн болон УСУГ-ын удирдлагууд, донор байгууллагууд болох ЖАЙКА, АНУ-ын Мянганы сорилтын сангийн төлөөллүүд ажилласан юм. 

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бид нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, барих талаар их удаан ярилцлаа. Одоо бодит ажил болгох цаг ирсэн. Ярих бус ажилдаа оръё. Цаашид энэ ажлыг ахалж, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан хариуцан ажиллана. Өнөөдөр эхлэхгүй бол магад хэзээ ч эхлэхгүй байж мэднэ" хэмээв. Мөн тэрбээр энэ Засгийн газрын нэн тэргүүнд шийдвэрлэх ажил бол Төв цэвэрлэх байгууламжийг барих ажил гээд асуудлыг гацаасан, хайхрамжгүй хандсан албан тушаалтан, хүмүүст хариуцлага тооцохыг хатуу сануулж байлаа.



Төв цэвэрлэх байгууламжийн хувьд, 2015 онд Засгийн газрын тогтоолоор төв цэвэрлэх байгууламжийг Концессийн гэрээгээр барихаар шийдвэрлэж, тендер зарлан 5 компани шалгарч эцэст нь Японы “ЖАЙКА” олон улсын байгууллага, Монгол Францын хамтарсан хөрөнгө оруулалттай “Артелиа Вилл энд транспорт” ХХК-иуд шалгарсан байна. Мянганы сорилтын сангаас компакт төслүүдээс 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн дахин 350 сая орчим ам.долларын санхүүжилт шаардагдаж буй аж. Санхүүжилтын асуудлыг шийдвэрлэж, 350 сая ам.долларыг босгож чадвал ирэх хавар гэхэд цэвэрлэх байгууламжийг барьж эхэлнэ. Ингэснээр 2.5-3.5 жилийн хугацаанд барьж дуусган, 2021 онд ашиглалтад оруулах боломжтой. Санхүүжилт босгох зорилгоор ирэх 11 дүгээр сард Мянганы сорилтын сангийнхантай хамтран доноруудын уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2013, 2015 онд төслүүд хийгдсэнээс хойш нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн учир шинээр ТЭЗҮ-ийг гаргаж, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг Барилга хот байгуулалтын сайд А.Бадельханд хариуцуулан, хамтран хэрэгжүүлэгчээр Нийслэлийн захирагчийн Ажлын алба, БОАЖЯ, Гадаад харилцааны яам зэргийг томилох санал гаргаж, дэмжигдэв. Энэхүү үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат шинэ цэвэрлэх байгууламжаас гарах усыг саарал ус болгох ажлаа үргэлжлүүлэн хийх зарчмаар хамтрах бол Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх гарц эрэлхийлэх, Нийслэлийн захирагчийн Ажлын албаныхан сонгон шалгаруулалт хийх зарчмаар хамтарч ажиллах юм байна.



Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газраар БОАЖЯ-ны хамт олон батлуулсан. Уг хөтөлбөрт төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих ажлыг Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гардаж хариуцна гээд тодорхой заачихсан байгаа. Гэтэл гардаж хариуцах эзэн нь тодорхойгүй юм шиг л асуудлыг бие биенээсээ түлхсээр өнөөдрийг хүрлээ. Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг тодорхой нэг газарт хариуцуулж өгөөд асуудлыг нэн дариу шийдэхгүй бол Улаанбаатар хотын дундуур урсаж байгаа Туул голын ойр орчмын хүн, мал хордож дуусах нь байна. БОАЖЯ-ны хувьд уг асуудалд хамтран хэрэгжүүлэгчээр оролцож, АНУ-ын Мянганы сорилын корпорацийнхантай хамтарч шинээр байгуулах төв цэвэрлэх байгууламжаас ялгарч буй усыг дахин боловсруулах замаар саарал ус үйлдвэрлэж, дулааны цахилгаан станциудад нийлүүлэх бэлтгэлээ хангаад байгаа. Гэтэл шинэ цэвэрлэх байгууламж барих ажил нь гацчихаад байгаа нь харамсалтай” хэмээн мэдэгдэв.
Н.Гантуяа

 
Холбоотой мэдээ