Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо өөрийгөө зохицуулах байгууллагын батламж гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-11-11 16:42:58

Санхүүгийн Зохицуулах Хороо "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" өөрийгөө зохицуулах байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

 Санамж бичигт Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяа Үнэт цаасны Арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ын дарга Б.Өлзийбаяр нар гарын үсэг зурав.

 Талууд өөрийгөө зохицуулах байгууллагыг бэхжүүлэх, түүний гишүүн компаниудын үйл ажиллагааг дэмжиж чадавхижуулах, үнэт цаасны зах зээлийн харилцааны зохицуулалтыг төгөлдөржүүлж зах зээлийн хөгжлийг дэмжих гэсэн үндсэн гурван чиглэлээр 13 зорилт тавьжээ. Эдгээр зорилтод хүрэхийн тулд 2015-2016 онд хоёр тал хамтран нийт 40 гаруй ажлыг  хэрэгжүүлэх юм байна.

Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяа хэлэхдээ, “Манай хорооны зүгээс өөрийгөө зохицуулах байгууллагыг бий болгох, үйл ажиллагааг нь жигдрүүлэн хэвийн явуулахад дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ санамж бичгийн үр дүнд нэг жилийн дараа гэхэд Арилжаа эрхлэгчдийн холбоо өөрийгөө зохицуулах байгууллагын хувьд хөгжлийнхөө эхний шатанд гарна гэдэгт найдаж байна” хэмээн онцлов.

Мөн үеэр Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог Монголын үнэт цаасны зах зээл дээрх анхны өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэсэн  батламжийг  гардуулсан. 

Өөрийгөө зохицуулах байгууллага гэдэг нь шинэчлэн батлагдсан Үнэт цаасын тухай хуулийн дагуу гишүүдийнхээ мэргэжлийн стандарт, ёс зүйн дүрэм зэрэг нийтлэг зохицуулалтыг хэрэгжүүлэх салбарын мэргэжлийн байгууллага байхыг хэлж буй юм. Монголын арилжаа эрхлэгчдийн холбоо нь энэ чиг үүргийг өөрийн гишүүн брокер, дилерүүд буюу үнэт цаасны компаниудын хүрээнд хэрэгжүүлнэ.

Өндөр хөгжилтэй орнуудын жишгээр үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн мэргэжлийн, ёс зүй болон санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэдэг. Ингэснээр үйл ажиллагааны эрсдлээс сэргийлэхэд өөрийгөө зохицуулах байгууллагын үүрэг чухлаар тавигдаж буй бөгөөд төрийн зохицуулалтын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх нь хяналтын давхардал, сул орон зай үүсгэхгүй, эрх зүйн орчныг бий болгох давуу талтай  гэдгийг албаныхан хэллээ.

 

Б.Заяа

Холбоотой мэдээ