Архангайд охидын өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-11 18:09:55
Архангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-8-р ангийн 300 гаруй охидын өдөрлөгийг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд уригдсан бүх охидод Охидын өдрийн бэлэг болгож үсний хавчаар, гарын авлагын хамт бэлэглэж, авъяаслаг охид флаш моби бүжиг, урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүллээ.

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг угтан энэ сарын 09-нөөс эхлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Флом олон улсын байгууллага хамтран “Охидын эрх”, “Эрүүл охид”, “Охидын сэтгэл зүй” гэсэн сэдвүүдийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р ангийн 120 гаруй охидод сургалт зохион байгуулж, мөн охидын дунд “Охидын мөрөөдөл” эссэ бичлэгийн уралдаан, АХА тэмцээнийг зохион байгуулж эхний гурван байрын эздийг шалгаруулан урамшуулсан байна. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан. Энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалдаг байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ