УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын хуваарийг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын хуваарийг батлав.
Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсэг хуралдах бол мягмар, лхагва гарагт Төрийн байгуулалт, Хууль зүй, Аюулгүй байдал, гадаад бодлого, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засаг, Төсвийн байнгын хороод тус тус хуралдах аж. Байнгын хороод Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Мөн лхагва гарагт Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан зарлажээ.
Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөжээ.
Н.Туяа