Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн захирлыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2017-10-07 13:29:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бинайфэр Новрожэг 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Олон улсын хамтын ажиллагааны сангийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг Нээлттэй нийгэм хүрээлэнд талархал илэрхийлээд өмнө хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн ач холбогдол, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг хөгжиж байгаа бусад улс орнуудтай хуваалцах зорилготойгоор 2013 онд байгуулагдсан Олон улсын хамтын ажиллагааны сан болон Нээлттэй нийгэм хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд 2015-2017 оны хооронд хэд хэдэн томоохон олон улсын арга хэмжээ зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч байгааг Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн онцлов.

Олон улсын хамтын ажиллагааны сан, Нээлттэй нийгэм хүрээлэн хамтран Улаанбаатар хотноо энэ 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулах бөгөөд тус хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хууль боловсруулах үйл явцыг сайжруулах, ТББ-ын зөв хөгжлийг дэмжих асуудлаар гадаад дотоодын төрийн албан хаагчид, эрдэмтэн, шинжээчид, иргэний нийгэм болон олон улсын байгууллагын төлөөлөгчид дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага хуваалцахаар төлөвлөж байгаа юм.
Холбоотой мэдээ