Оростой хамтрах хэрэгтэйг АНУ ойлгож эхэллээ гэв

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-11-11 09:21:36

МОСКВА. /Sputnik/. “Лалын улс”-тай Орос, АНУ хамтран тэмцэх хэрэгтэй гэж АНУ-ын Сенатын танхимын тагнуулын асуудал хариуцсан тусгай хорооны дарга Дайан Файнштейн хэлэв.

Мөн терроризмын асуудлыг Орос улсын оролцоогүйгээр шийдэх боломжгүйг АНУ-ын улс төрчид ойлгож эхэллээ гэж Оросын улс төр судлаач Владимир Шаповалов хэлсэн байна.

“Лалын улс” террорист бүлэглэлтэй тэмцэх оролдлогоо Орос, АНУ нэгтгэх хэрэгтэй гэж Файнштейн “NBC News” телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. “Урьд өмнө хийж байгаагүй зүйл ч гэлээ, АНУ тагнуулын мэдээгээ Оростой хуваалцах зэргээр хамтарч эхлэхэд одоогийн байдал тохиромжтой байна. Оростой хамтарсан стратеги боловсруулах цаг болсон гэж бодож байна” гэж тэрбээр нэмж хэлэв.

"Ийм мэдэгдлүүд нь хоёр улс бүтээлч харилцаагаа сэргээхийг бэлгэдсэн дохио юм" гэж Оросын улс төр судлаач Владимир Шаповалов үзсэн байна.

“Үүнийг АНУ-ын улс төрчид, судлаачдаас ирүүлж буй анхны дохио гэж найдаж байна. Сирийн асуудлыг шийдвэрлэж, терроризмын аюулыг устгахын тулд оролдлогоо нэгтгэх хэрэгтэй нь мэдээжийн хэрэг. АНУ-ын улс төрчид энэ талаар санаа бодлоо илэрхийлж буй нь сайны дохио юм. Энэ нь АНУ-ын улс төрийн хүрээнд эргэлт гарч буйг харуулж байна. Оростой хамтарсан, цар хүрээтэй эвсэл байгуулахгүй л бол асуудлыг шийдэхгүй гэдгийг ойлгож эхэлж байна” гэж  Шаповалов  хэлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ