“Өвөрхангайн соёлын өдөр”-ийг гурван суманд зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-28 14:27:41
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Аймгийн БСУГ, ХДТ, Музей, Төв номын сангийн соёл, урлагийн ажилтан, уран бүтээлчид зэрэг 38 хүний бүрэлдэхүүнтэй баг, хамт олноос "Өвөрхангайн соёлын өдөр"-үүдийг Өлзийт, Есөнзүйл, Баян-Өндөр сумдад зохион байгууллаа.  
Энэ үеэр орон нутгийн иргэдэд соёл, урлагийн иж бүрэн үйлчилгээг хүргэх, Монголын биет болон биет бус өв, сонгодог урлагийг сурталчлан таниулах, Угийн бичгийн хөтлөлтийг эрчимжүүлэх, нүүдлийн ном соёлын үйлчилгээг үзүүлэх  зорилго тавин ажилласан юм.
Өвөрхангай аймгийн уугуул, Монгол Улсын Төрийн шагналт зохиолч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн академич П.Хорлоо, Төрийн шагналт зохиолч Ч.Ойдов, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Сэнгэцохио нарын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд соёлын арга хэмжээгээр нэрт зохиолчдын амьдрал, уран бүтээлийг сурталчилж, “Арвайн хүрээ” утга зохиолын нэгдлээс уншигч, зохиолчийн уулзалтыг зохион байгууллаа.
Аймгийн Музейгаас ЕБС, СӨББ-ын  сурагч, хүүхдүүдэд “Соёмбо", "Хүн чулуу", "Монголын ховор үзмэрүүд" лекц, Төв номын сангаас  төрийн албан хаагчдад Угийн бичгийн сургагч багш бэлтгэх сургалтыг явуулж, ХДТ-ын уран бүтээлчид морин хуур, уртын дуу, бий биелгээ, сонгодог урлагийг сурталчлан тоглолт хийлээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ