Йеменийг хариуцаж байсан элч төлөөлөгч Бурундигийн хямралыг зохицуулна

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-11-10 13:23:55

НҮБ. /TASS/.  Йемений асуудлыг хариуцан ажиллаж байсан НҮБ-ын элч төлөөлөгч Жамаль Беномар Бурунди улсын улс төрийн дотоод хямралыг зохицуулна. Марокко улсаас гаралтай Их Британийн дипломат болох түүнийг энэ ажилд томилсон тухай НҮБ-ын хэвлэлийн алба даваа гарагт мэдээлжээ.

Беномор урьд нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Йемений асуудал хариуцсан тусгай зөвлөхийн албыг хашиж байсан юм. Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд сүүлийнхээ мэдээллийг хийхдээ, Йемений Засгийн газар болон босогчдыг хооронд нь тохиролцуулж чадсанаа мэдэгдэж байв.

Бурундид түүнийг амаргүй даалгавар хүлээж байгаа. Бурунди улсын Ерөнхийлөгч Пьер Нкурунзиза гурав дахь удаагаа улиран сонгогдохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэний дараа буюу энэ хавар тус улсын байдал улам хурцаджээ.

Долдугаар сард болсон сонгуульд түүнийг ялсны дараа улс төрийн цуврал аллага гарсан байна. Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга, ерөнхий штабын дарга асан, эрх баригч намын орон нутгийн удирдагч болон сөрөг хүчнийг шүүмжилдэг ерөнхийлөгчийн нэртэй шүүмжлэгчийг хороосон байна.  

Бурундид дөрөвдүгээр сараас хойш наад зах нь 240 хүн амиа алдсан тухай НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Зейд Раад аль-Хусейн даваа гарагт яаралтай зарлан хуралдуулсан хурлын үеэр мэдээлжээ. Тэрбээр мөн тус улсад дур мэдэн баривчилгаа явуулж, эрүүдэн шүүж байна гэх мэдээлэл ирж байгаа талаар дурдсан байна.  

Харин улс оронд нь олон улсын хамтын нийгэмлэг ихээхэн анхаарал хандуулж байгаад Бурундигийн эрх баригчид дургүйцэж байгаа бөгөөд гадаад бодлогын хурц хямрал үүссэн гэдгийг няцааж байгаа аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ