“Плейбой” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2017-09-28 14:27:12
НЬЮ-ЙОРК. /Би-Би-Си/. Насанд хүрэгчдэд зориулсан олон улсын "Плейбой" сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгссөн тухай "Би-Би-Си" агентлаг мэдээллээ. 

Тэрбээр гэртээ байгалийн жам ёсоор амар тайван нойрслоо гэж "Плейбой Энтерпрайзиз" компаниас албан ёсоор мэдээлсэн байна.

Х.Хефнер 1953 онд гэрийнхээ гал тогооны өрөөнд "Плейбой" сэтгүүлээ хэвлэж эхэлсэн гэдэг. Уг сэтгүүл нь дэлхий дээр хамгийн их борлогдсон эрэгтэйчүүдийн сэтгүүл бөгөөд хамгийн оргил үедээ нэг сард 7 сая ширхэгийг борлуулж байсан түүхтэй ажээ.

Түүний хүү Күүпер Хефнер "Түүнийг маш олон хүн санан дурсах болно. Аав маань гайхалтай сайхан, онцгой амьдралыг туулж өнгөрүүлэхдээ хэвлэл мэдээлэл, соёлын анхдагч нь байсан. Тэрбээр үг хэлэх эрх чөлөө, иргэний эрх, бэлгийн эрх чөлөөг өмгөөлөн хамгаалагч нь байсан"  гэж хэлсэн байна.

Х.Хефнер сэтгүүлээс гадна казино болон шөнийн клубын бизнес эрхэлж байжээ. Тэрбээр амьдралд чин сэтгэлээсээ хайртай байсан бөгөөд олны өмнө  үргэлж унтлагын торгон хувцастайгаа гардгаараа алдартай нэгэн байсан юм.

Тэрбээр 1953 онд дэлхий дахинд "Плейбой" сэтгүүлийг танилцуулсан бөгөөд хамгийн анх тус сэтгүүлийн нүүрэнд алдарт жүжигчин Мэрилин Монро зургаа авахуулж байжээ.
 
Х.Сарнай 

 

Холбоотой мэдээ