Австралид хар тамхи хэрэглэсний улмаас нас барсан хүмүүсийн тоо өссөөр байна гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2017-09-27 14:54:57
КАНБЕРРА ./Шиньхуа/. Австрали улсад хар тамхи хэрэглэсний улмаас нас барсан хүмүүсийн тоо өссөөр байна гэж лхагва гарагт нийтэлсэн статистик мэдээлэлд дурдсан тухай Хятадын “Шиньхуа” агентлаг мэдээлэв.

Австралийн статистикийн хорооноос гаргасан тайлан мэдээгээр, 2016 онд нас барсан 100 мянган хүн тутмын 7.5 нь хар тамхи хэрэглэснээс үүдэлтэй шалтгаанаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь 1990 оноос хойших хугацаанд  тэмдэглэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт ажээ.
 
Австралийн статистикийн хорооны мэдээлснээр, сэтгэцэд нөлөөлдөг метамфетамин болон мөс гэх мэт хууль бус эмийн нөлөөгөөр нас барсан хүмүүсийн тоо 1999 оноос хойш 4 дахин нэмэгдсэн байна.  Хар тамхинаас үүдэлтэй нас барагсдын тоо нэмэгдэж байгаагаас гадна нас баралтын гол шалтгаануудын нэг нь зүрхний өвчин хэвээр байгаа юм. Энэ өвчний улмаас нас барагсдын тоо 2007 онд 100 мянган хүн тутамд 99.1 байснаас 62.4 болж буурсан хэдий ч нас баралтын гол шалтгаан хэвээр байна.
 
2016 онд Австралид нийт 158 804 хүн нас барсан байна. Нярай хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 төрөлт тутамд 3.1 болж буурсан байна. 2016 онд нас барсан хүмүүсийн 30 хувь нь хавдрын улмаас нас барсан байна. Уушигны хавдар эрэгтэйчүүдийн нас баралтын 2 дахь гол шалтгаан нь болж байгаа ажээ. 

Х.Сарнай


 

Холбоотой мэдээ