Иракийн Курдууд тусгаар тогтносон улс болохыг нэгэн дуугаар дэмжсэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-09-26 08:30:24
ТЕГЕРАН. /Эн-Эч-Кэй/. Иракийн хойд хэсэгт орших Курдистаны тусгаар тогтнолын асуудлаар бүх ард түмний санал асуулга болж өндөрлөлөө гэж "Эн-Эч-Кэй" телевиз мэдээллээ. 

Ард түмний олонхи нь Иракаас салж, тусгаар тогтносон улс болохыг дэмжсэн байна. Курдистаны өөртөө засах орны засгийн газраас даваа гарагт бүх ард түмний санал асуулгыг явуулсан юм. Уг санал асуулгыг явуулсантай холбоотойгоор 2 хүн амиа алдсан гэж орон нутгийн сонгуулийн хорооны албаны хүн мэдэгдсэн боловч тодорхой нарийн мэдээлэл өгөөгүй байна. Санал асуулгыг төлөвлөж байсан хугацаанаас 1 цагийн өмнө хаасан бөгөөд одоо саналыг тоолох үйл ажиллагаа явагдаж байгаа аж.

Албан ёсны дүн хамгийн эртдээ орон нутгийн цагаар өнөөдөр орой гарах юм. Курдистаны оршин суугчид тусгаар тогтносон улс болохыг дэмжсэн хариу гарна гэж хүлээж байна. Иракийн Ерөнхий сайд Хайдер-Аль-Абади болон тус улсын парламентын зүгээс уг санал асуулгыг хууль бус гэж үзэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Өөртөө засах оронтой хиллэдэг Туркийн нутаг дэвсгэрт Ирак, Турк улсын цэргийн хамтарсан сургуулилтыг мягмар гарагт хийнэ гэж хоёр улсын БХЯ зарласан байна. Курдын засгийн газрын түүхий нефть экспортлодог хоолойг хаах саналыг Турк улсын зүгээс тавьсан байна. Турк энэхүү бүх ард түмний санал асуулгыг эсэргүүцэж байгаа юм. 

Х.Сарнай

 
Холбоотой мэдээ