Монгол бичиг минь мохох нь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-01 12:24:23
Хэнтий /МОНЦАМЭ/. Их эзэн Богд Чингис хаан 1206 онд Их монгол улсыг байгуулан Монгол үндэстэн оршин тогтнох үндсийг тавьсан билээ. Улмаар тулгар улсын алив хэргийг явуулахын тулд Тататунга нэрт бичгийн хүмүүн Монгол үсгийг зохиосон хэмээн эрдэмтэд үздэг. Ингээд 6-р зууны үеэс эхлэн монгол үндэстэн хэл аялгуугаа Босоо бичгээр тэмдэглэж  ирсэн нь бидний мэдэх Монгол бичиг юм.

   Монгол бичиг нь ямагт дээрээс доошоо нар зөв бичигддэг, үгийн эхэнд, дунд, адагт орох үсгүүд харилцан адилгүй, бичлэг дуудлага хоёр ялгаатай гээд олон төрлийн онцлогтой. Тухайлбал Монгол бичгийн махбодыг төсөөгөөр нь хүн амьтны бие эрхтний нэр буюу шүд, гэдэс, нуруу, сүүл, эвэр, шилбэ гэх мэтээр нэрийдсэн нь монголчууд эрт дээр үеэс таван хошуу малыг аж амьдралынхаа үндэс болгож ирснийг илгэж буй гэлтэй.

      Харин эдүгээ цагт бид дэлхийн 30 гаруй орон ашигладаг крилл үсгийг бичгийн хэлнээ ашиглаж, дэлхийд ганцхан босоо бичигддэг Монгол бичгээ мэдэхгүйд хүрчээ. Ном товхимол, сонин сэтгүүл, хаяг реклам бүгд крилл бичгээр бичигдэж, хүмүүс монгол үсгээ мэдэхээсэээ мэдэхгүй нь их болж, өдрөөс өдөрт монгол бичиг минь мартагдсаар...

   Монгол улсын хэмжээнд үндэсний босоо бичгээр хэвлэгддэг цор ганц хэвлэл байдаг нь “Хүмүүн бичиг” сонин юм. 25 жилийн түүхтэй уг сонинг  түгээн дэлгэрүүлэх үйлсэд Хан Хэнтийчүүд хамгийн идэвхтэй оролцсоор ирсэн. Үүний тод жишээ өнгөрсөн жилүүдэд Хэнтийчүүд “Хүмүүн бичиг” сонинг 1500 орчим хувиар захиалан “улсын рекорд” тогтоож байлаа. Гэвч 2016 оны 4-р улирлын байдлаар тус аймгийн хэмжээнд 465 ширхэгийн захиалсан нь захиалга гурав дахин буурсан хэдий ч улсдаа Төв аймгийн дараагаар орох үзүүлэлт байсан юм. Харин энэ оны байдлаар "Хүмүүн бичиг" сонинг захиалагчдын тоо улирал тутам цөөрсөн үзүүлэлттэй байна. Тодруулбал аймгийн хэмжээнд нэгдүгээр улиралд нийт 301 хэвлэл, хоёрдугаар улиралд нийт 60 хэвлэл, харин гуравдугаар улиралд захиалгын тоо 30 болтлоо буурчээ. Захиалга энэ хэвээр үргэлжилбэл үнэт соёлын өвийг тээгч цорын ганц хэвлэл минь Хэнтийд захиалагчгүй болох янзтай.

    Энэ мэтээр мартагдаж буй эх хэлээ сэргээн хэрэглэх үүднээс Монгол улсын ерөнхийлөгчийн гаргасан нэгэн зарлиг бий. Уг зарлигт иргэний, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх диплом гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлэн бичилт хийж байсугай хэмээн тусгажээ. Бусдаар Монгол бичгийг хойч үедээ өвлүүлэх, түгээх тухайд баримталж буй бодлого одоогоор манай улсад байхгүй нь өнөөгийн энэ байдлыг үүсгэсээр.

   Тиймээс та бид өөрийн ухамсраар эцэг өвгөдөөс уламжлан ирсэн энэ өв соёлоо дээдлэн, эх хэлээ ариун байлгах үндэс болсон Монгол бичгээ санаж, дэлхийд хаана ч байхгүй босоо бичгээ сэргээн хэрэглэх цаг иржээ.
   Д.Одонтунгалаг
 
Холбоотой мэдээ