Зөөврийн ус түгээх байрнуудаас нийтлэг зөрчил, дутагдал илрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-21 14:44:02
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Арвайхээр хотын захиргаа, Онги ус суваг ОНӨААТҮГ-тай хамтран Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй зөөврийн ус түгээх байрнуудын үйл ажиллагаанд хяналт тавьлаа.
Онги ус суваг ОНӨААТҮГ-ын судалгаагаар Арвайхээрт төвийн шугам сүлжээнд холбогдсон ус түгээх байр 20, зөөврийн ус түгээх байр 27 байдаг бөгөөд шалгалтаар ус түгээх байрнуудын ахуйн нөхцөлтэй танилцаж, ус нөөцлөх савны эрүүл ахуйн нөхцөлийг тандах ажлыг зохион байгуулав. Зөөврийн ус түгээх байрнуудад ашиглаж байгаа ус нөөцлөх төмөр савнууд нь хуучирч их хэмжээгээр зэвэрсэн, үлдэгдэл ус бүрэн шавхагдах боломжгүй байгаа нь ундны усны чанар аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй болохыг байцаагчид хэлж байлаа.
Түүнчлэн зөөврийн худгуудын ус хүлээн авах хэсгийг таглаж битүүмжлээгүй, угаалга цэвэрлэгээний хуваарьгүй, цэвэрлэгээ үйлчилгээний чанар хангалтгүй, ус түгээх хоолойн амсар таггүй, ус түгээгч нар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд илэрчээ.
Ажлын хэсгийнхэн дээрх зөрчил дутагдлыг арилгах талаар заавар зөвлөмжийг өгсөн бөгөөд цаашид иргэдийг чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан ахуйн усаар хангахад шаардлагатай ажлуудыг зохион байгуулах аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ