Уянга сумын Жаргалант багийн сургууль шинэ дотуур байртай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-21 12:11:04
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Уянга сумын Жаргалант багийн Ерөнхий боловсролын сургууль сурагчдынхаа дотуур байрыг шинэчилж байна. Дэлхийн зөн ОУБ-аас 180 сая, Өвөрхангай аймгийн орон нутгийн төсвөөс 96 сая төгрөг төсөвлөн 60 хүүхдийн дотуур байрыг барьж эхлээд байгаа аж.
Хуучин дотуур байр нь 1971 онд ашиглалтад орсон, 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч сурагчдын дийлэнх нь малчдын хүүхэд учраас 120 хүүхдийг хүлээн авдаг, ашиглалтын хувьд стандарт шаардлагад нийцэхээ хэдийн байжээ. Дэлхийн зөн ОУБ-аас уг нөхцөл байдлыг харгалзан үзэж, орон нутагтай хамтраад шинэ байр барьж өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд хүүхдүүдийг хоёр хувааж, шинэ, хуучин байранд амьдруулах юм.
Жаргалант багийн ЕБС нь 1949 онд байгуулагдсан, 69 дэх жилдээ 334 сурагч, 44 багш, ажилчидтайгаар сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Тус сургуулийн барилгыг шинэчлэхээр Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрт тусгажээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ