Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт өмнөхөөс 3.8 дахин нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын санаачлагаар Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран Баянхонгор аймагт “Сүрьеэгүй ирээдүйн төлөө” чуулга уулзалт, сургалт хэлэлцүүлэг зохион явууллаа.
Баянхонгор аймгийн болон сумдын засаг дарга, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сүрьеэгийн диспансер, сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд оролцохын зэрэгцээ Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ,Сүрьеэгийн төсөл зэрэг байгууллагын 200 гаруй төлөөлөгчид тус уулзалтад оролцсон байна.
Монгол Улсад саяхан хийж гүйцэтгэсэн сүрьеэгийн тархалтын судалгаагаар хүн амын дунд сүрьеэгийн бодит тархалт нь сүрьеэгийн үндэсний хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өмнө нь тооцоолсноос 3 дахин өндөр байгааг тогтоожээ. Үүний зэрэгцээ хүн амын бүх насны бүлэгт сүрьеэгийн тархалт өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй тархаж байгаа дүр зураг гарч өнөөгийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ, хяналтын стратегийг эргэн харах, тэмцэх, сэргийлэх арга хэмжээг өргөн цар хүрээтэй, дорвитой хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь харагдсан байна.
Манай улсад Сүрьеэгийн эмэнд тэсвэржилтийн гуравдахь удаагийн үндэсний тандалт судалгааг 2016-2017 оны хооронд амжилттай гүйцэтгэж дуусгасан бөгөөд энэхүү судалгаагаар сүрьеэгийн шинэ тохиолдлын дунд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт 5.3 хувь, өмнө нь эмчлэгдсэн тохиолдлын дунд 16.5 хувь байна. Үүнээс харахад сүрьеэгийн шинэ тохиолдлын дунд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт өмнөх судалгаатай харьцуулахад даруй 3.8 дахин нэмэгдсэн судалгаа гарчээ.
Энэ асуудлыг шийдвэрлэхэд гадна үлдэх нэг ч салбар байхгүй бөгөөд нотолгоонд тулгуурласан салбар хоорондын алсыг харсан тууштай хамтын ажиллагаа нэн чухал байгааг харгалзан энэхүү "Сүрьеэгүй ирээдүйн төлөө" чуулж байгааг албаныхан онцолж байв.
Анхан шатны засаг захиргааны байгууллага болон эрүүл мэндийн байгууллагын уялдаа сайжирч, сүрьеэгийн тусламж үйлчилгээ, сүрьеэгийн үсэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх хүн амыг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, бүрэн эмчлэх, сүрьеэтэй өвчтнийг ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, нийгэм халамжийн үйлчилгээг цогцоор нь хүргэх мэдлэг, мэдээлэлтэй болгох зорилгоор тус арга хэмжээг зохион явуулжээ.
Б.Мөнхзул