"Роскосмос" корпораци сансрын тойрог замын станц дээр амьд зөөлөн эдийг 3D-гээр хэвлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-09-19 15:03:35
МОСКВА./ТАСС/. “3D Bioprinting Solutions” лаборатори сансрын тойрог замын станц дээр амьд зөөлөн эдийн 3D-хэвлэлтийн туршилтыг хийхээр төлөвлөж байгаа ажээ. Роскосмосын салбарууд болон “Энергия” РКК, "ЦНИИмаш" оролцож байгаагийн ачаар уг төслийг хэрэгжүүлэх хугацаа дөрвөөс нэг жил хүртэл богиносч магадгүй гэж даваа гарагт "Роскосмос" төрийн өмчит корпорацийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“Туршилтын үндсэн зорилго нь жингүйдлийн нөхцөлд гурван хэмжээст зөөлөн эдийн хийцийг био үйлдвэрээр бүтээх /амьд эрхтэнийг хиймлээр үйлдвэрлэх/ шинэ аргыг турших явдал юм. Өнөө байгаа бүх биопринтерүүд нэмэлтийн буюу үечлэн давхарлах зарчмаар ажилладаг. Сансарт бичил таталцлын орчин нөхцөлд зөөлөн эдийн органоидыг үйлдвэрлэх зарчмын шинэ аргыг ашиглах боломжтой” гэж тус хэвлэлийн албаны төлөөлөгч ярьжээ.

Тус лабораторийн бүтээсэн соронзон биопринтер нь жингүйдлийн нөхцөлд цацрагт мэдрэмтгий органоидыг бүтээх боломжийг олгож байгаа юм. “Энэ туршилтын үр дүнг анатомийн илүү нарийн бүтцийг бий болгоход ашиглах боломжийн судалгааг үргэлжлүүлэхэд ашиглах боломжтой төдийгүй сансарт удаан хугацаагаар ажилладаг сансрын нисэгчдийг сансрын цацрагаас хамгаалах системийг боловсруулахад хэрэглэх бүрэн боломжтой” хэмээн Роскосмосынхон тайлбарлажээ.

“Соронзон 3D биопринтер” туршилтын хугацааг оновчтой болгох төсөлд Пуужин-сансрын “Энергия” корпораци, Роскосмосын толгой хүрээлэн “ЦНИИмаш” мөн туршилтыг захиалагчийн “3D Bioprinting Solutions” лабораториуд оролцож байгаа аж. “Чухамхүү ширүүн өрсөлдөөний орчинд буй захиалагч туршилтын хугацааг багасгах сонирхолтой байгаа ч туршилтын одоогийн ажлын явцыг тооцож үзэхэд дөрвөөс доошгүй жил шаардагдахаар байсан юм. Энэ зорилтыг шийдвэрлэхийн тулд Пуужин-сансрын “Энергия” корпорацийн мэргэшсэн салбарууд, “Роскосмос” төрийн өмчит корпорацийг татан оролцуулсан. Үүнээс гадна, төслийг хэрэгжүүлэх багт анх удаагаа арилжааны захиалагчийн төлөөлөл орсон ба тэдгээр нь мөн л уг туршилтын бүх үе шатын боловсруулалт дээр ажиллаж байгаа” гэж Роскосмосын төлөөлөгч ярьжээ.

Туршилтын хугацааг бараг гурван жилээр багасгах боломжтой, тухайлбал, багийнхны бэлтгэлийг бодит загвар дээр бус харин биопринтерийн тусгай сургуулилтын загвар дээр хийснээр дээрх хугацааг эрс багасгах боломжтой болж байгаа ажээ.
О.Барс
Холбоотой мэдээ